21 аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургагч багшийн батламжаа гардлаа

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар Монгол банктай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан билээ. Уг арга хэмжээний хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Жижиг, дунд үйлдвэрийн газар болон 21 аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Гурван өдөр зохион байгуулсан сургагч багшийн батламжийг өнөөдөр /2022.04.06/ Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нар гардууллаа.

Дашрамд дуулгахад, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХХААХҮЯ, ЖДҮГ “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо зэрэг байгууллага хамтран оролцож байна. 

Дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бичил, жижиг, бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар дээшлэн зөв хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэн цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ

//