“Харилцан суралцаж, хамтран хөгжье” цахим уулзалт боллоо

Нийтэлсэн: 2 сарын өмнө

     Мерит төслөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан суралцаж, хамтран хөгжье” энэ удаагийн туршлага хуваалцах цахим уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2021.12.09/ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, БМНЦҮХ-ийн дарга Д.Болормаа, Дорнод аймаг, Дундговь аймаг, Сүхбаатар аймаг, Төв аймаг болон бусад аймгийн төлөөлөл оролцлоо. 

   Уулзалтаар Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хөгжүүлж буй ажлын туршлага, тулгамдсан асуудал, шийдэл, гарцыг хуваалцах, туршлага хуваалцах аяллаар олж харсан туршлага, мэдээлэл шинэлэг санааг харилцан солилцлоо.  Зохион байгуулагч Мерит төслөөс "Орон нутгийн  Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, Төв аймгийн Заамар суманд туршлага судлах аяллаас суралцсан зүйлс" сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. 

    Уг арга хэмжээний үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханы "Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт болон төрийн худалдан авалтад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвийн хүрээнд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Мерит төслөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан суралцаж, хамтран хөгжье” энэ удаагийн туршлага хуваалцах цахим уулзалт хэлэлцүүлэгт оролцож буй нийт албан хаагчид, ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд, туршлага ололт амжилтаа харамгүй хуваалцаж буй орон нутгийн удирдлага, ажлын хэсгийн гишүүдэд амжилт хүсэн мэндчилье.

Манай ЖДҮГ-ын зүгээс энэхүү төслийн санаачилга, орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа. 11 сард зохион байгуулсан Заамарын туршлага судлах аялалд манай агентлагаас төлөөллөө оролцуулсан. Энэ удаагийн уулзалтад 21 аймгийн ХААГ-ын ЖДҮ мэргэжилтнүүд, болон ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүдийг хамтад нь оролцуулж байна.

Аливаа улс оронд ЖДҮ салбартаа үзүүлдэг нэг том дэмжлэг нь Төрийн худалдан авалт байдаг. Төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний эзлэн хувийн жинг нэмэгдүүлэх талаар засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд чамлахааргүй амжилт гарч байгаа. 2017 онд 47 тэрбум, 2019 онд Эх оронч худалдан авалтын жил болгон зарласан ба  190 тэрбум, 2020 онд 326 тэрбум болж өссөн. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж:

  • 8.7.5. Дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь салган багцлан Засгийн газар Монгол улсын гарал үүсэлтэй барааны жагсаалтыг тухай бүр баталж, уг жагсаалтад багтсан барааны хувьд тендер шалгаруулалтыг зохион байгуулна.
  • 1011    Дотоодын үйлдвэрлэлээр хангах барааны тендер шалгаруулалтад гадаадын             этгээдийг оролцохыг хориглоно
  • 10.2    Монгол улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10%-иар хийсвэрээр             бууруулж тооцно
  • 34.1.11           Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол шууд гэрээ байгуулна

Мөн ЖДҮ нарын хувьд томоохон ААН-үүд тэр дундаа Уул уурхайн компаниудын бэлтгэн нийлүүлэгчээр ажиллах бүрэн боломж бий. Орон нутгийн түвшинд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд юуг хийж хэрэгжүүлж чадаж байна, болохоор байна, нөгөө талдаа төрийн бодлогын түвшинд агентлаг яамны зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна гэдгийг тодорхойлоход Мерит төсөл, та бүхний хамтран хэрэгжүүлж буй санаачилга, арга туршлагууд чухал.

Улсын хэмжээнд болон 21 аймагт суманд юуг үйлдвэрлэж чадаж байна гэдэг судалгааг ерөнхий түвшинд гаргасан байгаа. ирэх жил бүх үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг цахим катологи оруулж худалдан авагч, хөрөнгө оруулагч, бодлого тодорхойлогч, иргэдэд нээлттэй сурталчилж мэдээлэх ажил хийгдэнэ. Нэг талдаа худалдан авах компани ААН боломж нь байгаа бол нөгөө талдаа ЖДҮ нар маань юуг ямар хугацаанд ямар хэмжээгээр ямар стандартаар, ямар үнээр бэлтгэн нийлүүлж чадах вэ гэдэг чадамж, өрсөлдөх чадварын асуудал яригдана.

Маш нарийн арга ажиллагааны түвшнээс нь эхлүүлээд практик дээр туршаад сайжруулаад явж байгаа эдгээр аймгуудаас суралцах, өөр өөрсдийн аймагт хэрэгжүүлсэн ололт дэвшил, тулгарч буй бэрхшээлийг чөлөөтэй ярилцаж хэлэлцэх, улмаар бүх аймагт 2022 онд “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч ЖДҮ” аяныг өрнүүлж алдаа онооноосоо суралцаж урагшлахыг хүсэж байна. Агентлагийн зүгээс боломжит бодлогын дэмжлэг үзүүлнэ. Та бүхэн хууль эрх зүй, засаг захиргааны хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа нэгтгээд уламжилж хамтран ажиллаарай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//