Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдээс уул уурхайн компаниудад бэлтгэн нийлүүлэлт хийх үйл ажиллагааг дэмжиж ажиллана

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар нь “MERIT” төсөлтэй хамтран Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь зэрэг аймагт хэрэгжүүлж эхлээд буй уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга зүй, туршлагыг дэмжих, бусад аймгуудад нэвтрүүлэхээр зорьж байна.

Энэ хүрээнд “MERIT” төслийн багаас, дээрх аймгуудын ЗДТГ, ХАА-н газар, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран Төв аймгийн Заамар суманд туршлага судлах, мэдээлэл солилцох уулзалтыг 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд “Содон нар” ХХК гутлын үйлдвэр, “Заамар Хаан” оёдлын үйлдвэрүүдтэй танилцаж, сумын ЗДТГ-аас дээрх үйлдвэрүүдийг хэрхэн бойжуулж, уул уурхайн компаниудтай холбон, хамтын ажиллагааг хөгжүүлсэн туршлагаа хуваалцав.

Содон нар ХХК нь 2019 онд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас орон нутагтаа 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ.

Дээрх аймгуудад төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг компаниудад танилцуулах, гэрээ хэлцэл хийх, ЖДҮ эрхлэгчдээ холбооны хэлбэрээр нэгтгэн чадавхжуулж, бараа бүтээгдэхүүнийг борлуулах, бэлтгэн нийлүүлэлт хийх ажлыг амжилттай эхлүүлсэн байна.

Цаашид энэхүү үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлд орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, практик арга туршлагыг бусад аймаг, сумдад хүргэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//