“Аlibaba global digital talent challenge 2021” олон улсын тэмцээний дотоодын шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 3 сарын өмнө

           Жижиг, дунд үйлдвэрийн газар Хятадын төдийгүй дэлхийн олон улсын цахим худалдааны тэргүүлэх групп компани болох Алибаба-ын дэргэдэх “Алибаба Бизнес Сургууль”-ийн “Монгол дахь Алибаба GDT Институт”-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан билээ. Энэхүү байгууллагын зорилго нь Монголын жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг цахим худалдаанд чадавхжуулах, Монголын брэнд бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын цахим худалдааны платформд байршуулан Хятадын зах зээлд таниулан борлуулах явдал юм.  

          Тус институтээс энэ жил Монголд анх удаа Alibaba GDT challenge 2021 /Global Digital Talent/ арга хэмжээг зохион байгуулж байна. Алибаба Бизнесийн Сургуулиас жил бүр зохион байгуулдаг уг тэмцээн өнөө жил “Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе” сэдвийн дор дотоодын болон олон улсын гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдаж өнөөдөр /2021.10.29/ дүнгээ гаргалаа. Уг арга хэмжээний хаалтад ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцож, зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

 Тэмцээний турш шүүгчдийн бүрэлдэхүүнд ЖДҮ-ийн газраас төлөөлөл оролцсон бөгөөд эцсийн шалгаруулалтад ЖДҮ-ийн газрын ЗТХ-ийн дарга Д.Дашхүү шүүгчээр оролцлоо.

         Тус тэмцээний агуулгыг товчхон дурьдвал “Бизнесийн байгууллагууд өөрийн брэнд бүтээгдэхүүнээр тэмцээнд оролцож, оролцогчийн брэнд бүтээгдэхүүнийг залуус баг болон сурталчлан өрсөлдөх юм.

          Тэмцээний дотоодын шалгаруулалтанд оролцохоор 50 гаруй аж ахуй нэгж, 180 гаруй залуус бүртгүүлснээс сүүлийн шатанд 6 баг өрсөлдлөө. Гуравдугаар шатны шалгаруулалт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр АСЕМ Вилла “Хүн” театрт амжилттай зохион байгуулагдаж олон улсад Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх гурван баг, бүтээгдэхүүнийг шалгарууллаа.

         “Alibaba Global Digital Talent Challenge 2021” тэмцээний дотоодын шагналын сан болох нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 5 сая төгрөг, гуравдугаар байр “Alibaba GDT Mongolia Training Institution” - ийн сургалтанд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сурах эрх болон олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.

           1 – р байр “ChiMu” баг – “Мосса давс” ХХК-ийн “Давсан цэцэг” бүтээгдэхүүн

                2 – р байр “Mad iD” баг – “Кинг мийт” ХХК-ийн “Үхрийн хатаасан мах” бүтээгдэхүүн

           3 – р байр “Corvinus” баг – “Монпеллетс” ХХК-ийн “Хонины ноосон бордоо” бүтээгдэхүүн тус тус шалгарсан юм.

          Уг гурван ялагч баг нь олон улсын шатанд 15 улсын 100 гаруй багтай 2021 оны 12 дугаар сард өрсөлдөх бөгөөд Олон улсын шатны шагналын сан нь нэгдүгээр байр $20,000, хоёрдугаар байр $10,000, гуравдугаар байр $5,000 байна. Тус тэмцээний дотоодын шалгаруулалтын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Смарт” олон улсын сургууль, хамтран ажиллагч байгууллагаар Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Хаан” даатгал, “Invescore” ББСБ, “Империал кастел” ХХК, Техник технологийн дээд сургууль ажиллав.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//