“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021”-д 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна

Нийтэлсэн: 1 сарын өмнө

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ. Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ өнөө жил цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулж байна.  

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон.

Монгол Улсынхаа хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах хүндтэй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа салбарын нийт хамт олон, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, биднийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Элчин сайдын яамд, гадаадын төсөл хөтөлбөрийн хамт олны хамтын хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү та бүхэнд хүрч байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 23-ныг дуустал үргэлжлэх тул өргөнөөр оролцож, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//