Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө батлагдлаа

Нийтэлсэн: 1 сарын өмнө

       Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг батлах арга хэмжээ өнөөдөр Монгол банкны ёслолын танхимд боллоо. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын хамтарсан тушаалаар баталсан уг арга хэмжээнд ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮ-ийн газрын ахлах мэргэжилтэн Э.Ундрал, Монгол банкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг болон албаны бусад хүмүүс байлцлаа.

 

Төлөвлөгөөг санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чиглүүлж, Монголбанк, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо гэсэн оролцогч талуудыг багтаасан ажлын хэсгийн оролцоотой хэрэгжүүлнэ.  

Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Иймд хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

Арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлсэн үгийг хүргэж байна. “Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд Жижиг, дунд үйлдвэрийн салбар нь чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Албан ёсны бүртгэлтэй Жижиг, дунд үйлдвэр нь хөгжиж буй орнуудын үндэсний орлогын дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг бүрдүүлж байна.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болдог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд дэлхийн олон орны засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг  хангана гэж үзэж байна.

Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190830 аж ахуйн нэгжээс 94,492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь буюу 64252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь буюу 614,346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8%, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас Ковид-19 цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрийг дэмжих арга хэмжээний талаар Монгол Улсад хүргүүлсэн зөвлөмждөө “Хэд хэдэн улс цар тахлын дэгдэлтийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт явуулах чиглэлээр одоо байгаа хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээс гадна хямралын үеэр ЖДҮ-ийн ур чадварыг хадгалах, цаашдын ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгох нь хямралын эсрэг шаардлагатай бүтцийн бодлогын хариу арга хэмжээний чухал хэсэг юм” гэж тусгасан нь энэхүү дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг нотолж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 17.1.5 дэх заалтад “хүний нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах” болон Улсын Их Хурлын 2020 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай 32 дугаар тогтоолын хавсралтын 3.3-т “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан баталж байгаад  баяртай байна.

Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх нь тус салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын сэргээн босголт хөгжлийн банк, хамтран ажилласан Монгол банкны хамт олон болон оролцогч байгууллагууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//