Орон нутгийн томилолт: “Хатан мээж” сүүний үйлдвэр өдөрт 4 тн сүү боловсруулан 100 кг цөцгий, 500 кг аарц үйлдвэрлэдэг

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

 ЖДҮХС-гаас олгосон зээлийн үр дүн:

 Булган аймгийн Бүрэн луу ХХК-ны “Хатан мээж” сүүний үйлдвэртэй танилцлаа.

     ЖДҮГ-аас “Арилжааны банкаар болон сангаас шууд олгосон зээлийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх” ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс энэ өдрүүдэд Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Булган аймгийн Бүрэн луу ХХК-ийн "Хатан мээж” сүүний үйлдвэртэй танилцлаа.

Тус компани нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд 650 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр үйлдвэрийн барилгын үйл ажиллагаагаа засварлан, тоног төхөөрөмж шинээр суурилуулж,  мэргэжилтэн ажилтнаа бэлтгэн “Хатан мээж”  сүүний үйлдвэр  байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Үйлдвэрийн түүхий эд болох сүүгээ Шинэ хөдөө төслийн хүрээнд аймагт ирсэн 3 тн сүү цуглуулах хөргүүрийг ашиглах гэрээ байгуулж, Булган аймгийн Сэлэнгэ, Хангал, Хялганат, Орхон, Хутаг-Өндөр, Бугат зэрэг сумд байршуулан 250 гаруй малчдаас сүү цуглуулж, тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авч ажиллаж байна. Тус үйлдвэр 2020 онд өдөрт 1 тн сүү боловсруулан аарц болгож ТЭСО компанид нийлүүлжээ. Хатан мээж”  сүүний үйлдвэр нь нийт 14 ажилтантай бөгөөд сумдад 8 лаборант ажиллаж байна.

Энэ онд Сэлэнгэ, Хангал, Хялганат сум болон Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн, Орхонтуул, Номгон зэрэг сумаас сүү цуглуулж байна. Түүхий эд нэмж цуглуулснаар өдөрт 4 тн сүү боловсруулан 100 кг цөцгий, 500 кг аарц үйлдвэрлэдэг.  Ийнхүү сүүн бүтээгдэхүүний боловсруулалт нэмэгдсэнээр борлуулалтыг өргөтгөн Цөцгийгөө Булган, Орхон аймагт нийлүүлж, Сүү ХК-тай гэрээ байгуулан аарц нийлүүлж байгаа ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//