Монгол банкны зээлийн мэдээллийн санд 330 сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг бүрэн холболоо

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд сангийн 2019-2021 оны зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэх ажлыг 330 сумын хүрээнд зохион байгууллаа.  Уг мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 19,3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт төлөгдөж 24.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Цаашид тус сангийн чанаргүй зээлийн зохистой харьцааг хангах зорилтын хүрээнд үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар сангийн нийт хөрөнгийг авч үзвэл зээлийн авлага 73.7 тэрбум төгрөг, дансанд дахь мөнгөн үлдэгдэл 24.7 тэрбум буюу нийт 98.4 тэрбум төгрөг байгаа бөгөөд чанаргүй зээл 49 хувьтай байна.

2021 онд сангийн эргэн төвлөрсөн хөрөнгөөс 847 зээлдэгчдэд 36 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 14.5 тэрбум төгрөгийн зээл олголоо.

Монгол банкнаас хэрэгжүүлсэн зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг чанаргүй зээлийн ангилалд орсон зээлдэгчдэд хүргүүлж ажилласны үр дүнд  тус сангаас зээл аваад чанаргүй зээлийн ангилалд орсон 3220 зээлдэгч 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор зээлээ бүрэн барагдуулж муу зээлийн түүхийг арилгуулсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//