МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Монголын бүх хоршоологчдод Олон улсын хоршооллын өдрийн мэндийг хүргэе.

 

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл үндэсний ардчилсан хувьсгалын дараа Д.Бодоо, Д.Чагдаржав нарын санаачилгыг Сангийн яамны тэргүүн Сайд С.Данзан болон бусад хүмүүс дэмжсэнээр 1921 оны 8-р сард Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй байгуулагдаж, анхны гишүүдээр Богд хаан, хатан Дондогдуламын хамт элсэн, 116 гишүүнтэй хоршоог байгуулснаар анхны хоршооны суурь тавигдсан түүхтэй. Эдүгээ Монголын хоршооны салбар 100 жилийн ойн босгон дээр ирээд байна.

Харин Олон улсын хоршооллын холбоо нь 1895 онд байгуулагдаж 1 тэрбум хүнийг төлөөлсөн 100 орны 300 гаруй хоршооллын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд 1946 оноос эхлэн НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөн зөвлөх статустай болсон анхны төрийн бус байгууллага юм.

Олон улсын хоршооллын холбоо 1923 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын эхний Бямба гарагт Хоршооллын өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47/90 тогтоолын дагуу уг өдрийг албан ёсоор “Олон улсын хоршооллын өдөр” болгон зарлаж дэлхий дахинаа хоршооллын салбарын нэр хүндийг өргөх, хоршоологчдын оролцоог олон нийтэд сурталчлан тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байна.

Энэ жилийн хувьд “Олон улсын хоршооллын өдөр”-ийг 7 дугаар сарын 3-ны Бямба гарагт “Хамтдаа илүү сайныг дахин бүтээе” уриан дор дэлхий нийтийг хамарсан цар тахлын хямралыг хоршоологчид эв санааны нэгдэл, хамтын хүч, тэсвэр тэвчээрээр хэрхэн даван туулж байгааг сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Иймээс бид ахмад хоршоологчдын сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр цар тахлын дараа ч илүү сайныг хамтдаа дахин бүтээж олон сайхан түүхийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Манай улсын хувьд 2020 оны байдлаар 4468 хоршоо, 235 мянга гаруй гишүүнтэйгээр өрхийн жижиг, бичил бизнесээр хязгаарлагдахгүй бүс нутаг, тухайн баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэн хүн амын ядуурал, ажилгүйдэл нэн ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2019 оны Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 40 дүгээр тогтоолыг баталж, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, Загвар хоршоодыг байгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, биржийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  ажилдаа ороод байна.

Дэлхий дахинд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарыг цахим болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал хангагдах шууд үр дүн гараад зогсохгүй эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнд хоршоодын үүрэг оролцоо нэн чухал юм.

Нөгөө талаар хөдөө аж ахуйг цахимжуулан биржийн шинэчлэлтэй холбож хөгжүүлснээр хоршоо нь ХАА-н бирж, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн үйл ажиллагаанд голлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж, хоршоодод олон давуу талыг бий болгоно гэж харж байна.

Ингээд хоршооллын хөдөлгөөн улам өргөжин тэлж, цар тахлын эрсдэлийг амжилттай даван туулж, хамтаараа илүү сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн ерөөе.

Хоршоологчдын ажил, амьдрал өөдрөг бүтэмжтэй байг.
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
САЙД          З.МЭНДСАЙХАН

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//