АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 3 сарын өмнө

АНУ-ын Элчин Сайд Майкл С.Клечески өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн ажилтан, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Лорен Ховис, Худалдаа бизнecийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа болон албаны бусад хүмүүс байлцав.

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан уулзалтын үеэр АНУ-ын “Жижиг Бизнесийг Удирдах Газар”-тай холбоо тогтоох, экспортыг дэмжих, үндэсний бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд нэвтрүүлэх, таниулах чиглэлээр “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээг зохион байгуулах, туршлага солилцох, Америкт Монголын мэдээлэл, худалдааны төвийг өргөжүүлэх,  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, B2B уулзалт зохион байгуулах хүсэлт тавилаа.

Элчин Сайд Майкл С.Клеческигийн зүгээс хоёр орны Жижиг, дунд үйлдвэрийн газрын хооронд холбоо тогтоох, тодорхой чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн 15,0 сая ам.долларын санхүүжилттэй “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2020-2025 онд Улаанбаатар болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж байна. Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//