“Энэтхэг-Монголын бичил ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа” виртуал уулзалт боллоо

Нийтэлсэн: 4 сарын өмнө

     Энэтхэгийн Бичил, Жижиг, дунд үйлдвэрийн яам нь Энэтхэг, Монголын бичил, жижиг дунд, үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр боломжит салбаруудын B2B уулзалт тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү уулзалтыг угтан өнөөдөр /2021.05.27/ Засгийн газар хоорондын /G2G/ вебинар зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,  ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа, Экспорт олон улсын худалдааны төвийн тэргүүн Д.Оюунбилэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Харин Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Энэтхэгийн Бичил, жижиг, дунд үйлдвэрийн яамны Ерөнхий захирал Алка Нангяа Арора, БЖДҮЯ-ны нарийн бичгийн даргын орлогч Бхаскар Калра, Үндэсний жижиг аж үйлдвэрийг хөгжүүлэх корпораци /NSIC/ -ийн ерөнхий менежер  Сунил Тяги болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн Холбоо /CII/ болон Энэтхэгийн ЖДҮ форумаас төлөөлөгчид оролцлоо.

    Уулзалтын үеэр хоёр тал бизнес инкубатор төв, мэдээлэл технологи, боловсролын салбар, мал аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, эмийн үйлдвэрлэл, барилгын салбар зэрэг олон чиглэлд хамтран ажиллах нөөц боломж их байгаа талаар харилцан мэдээлэл солилцлоо. Арга хэмжээний төгсгөлд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон та бүхэнд баярлалаа. Та бүхэн албан ёсны мэдээлэл, танилцуулгаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлэхийг хүсэж байна. Миний хувьд Энэтхэг улсын ЖДҮ-ийн салбарын санхүүжилтийн бүтцийг сонирхож байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгч болох уу” гэсэн юм. Энэтхэг улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр  улсын ЖДҮ-ийн салбарт бие биенээсээ суралцах зүйл их байна. Харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

     Мөн энэ үеэр  ирэх долоодугаар сараас Дели-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийгдэж эхлэх болсон таатай мэдээг БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён М.П.Сингх дуулгасан. Энэ нь хоёр улсын ард иргэд, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том хувь нэмэр болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//