“Экспортын бодлого, кластерын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөв

Нийтэлсэн: 4 сарын өмнө

    Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын худалдааг дэмжих “TRAM” төсөлтэй хамтран өнөөдөр /2021.05.21/ “Экспортын бодлого, кластерын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Оюу, ТRАМ Монголын Худалдааг дэмжих төслийн Ахлах эксперт Карл E. Круг болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Оюу нар нээж үг хэллээ. 

ЖДҮГ-ын дарга  Я.Эрдэнэсайханы уг хэлэлцүүлэгт хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Хэлэлцүүлэгт оролцогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй Гадаад харилцааны яам, Европын Холбооны худалдааг дэмжих “Тrам төсөл”-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) нь чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Албан ёсны бүртгэлтэй ЖДҮ нь хөгжиж буй орнуудын үндэсний орлогын (ДНБ) 40%-ийг бүрдүүлдэг бол албан бус ЖДҮ-ийг оруулбал энэ тоо улам нэмэгдэнэ.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд ихэнх албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг буюу арван ажлын байр тутмын долоог бий болдог. Дэлхийн Банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд дэлхийн олон орны засгийн газар ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг  хангана гэж үзэж байна.

Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190830 аж ахуйн нэгжээс 94,492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь буюу 64252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь буюу 614,346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8%, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.

Энэхүү хэлэлцүүлгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг кластерыг бүсчлэн хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд кластерын бодлого, зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор зохион байгуулж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар 2005 онд “Нэг суурин нэг бүтээгдэхүүн үндэсний хөтөлбөр”-ийг баталж, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” санаачилгыг улс даяар хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийн үр дүнд Булганы бог будаа, Өвөрхангайн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, Увсын чацаргана, Сэлэнгийн зөгийн бал, Увсын жамц давс зэрэг нэмүү өртөг шингэсэн, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг нээн илрүүлсэн анхны санаачилгууд амжилттай хэрэгжин эдүгээ кластерын хэмжээнд хамтран үндэсний брэндээ үүсгэн хөгжүүлж, цаашилбал уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж харж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрийг кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, Кластерын ангилал тооцох аргачлал боловсруулах ажлын хүрээнд төр болон төрийн бус байгууллага, кластераар үйл ажиллагаа явуулж буй ААН, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй туршлагатай  ажлын хэсгийг байгуулан  ажиллаж байна.

Гадаад харилцааны яам, Европын холбооны худалдааг дэмжих “Трам төсөл”-ийн тусламжаар чацаргана, гоо сайхны бүтээгдэхүүн, торомны ноос / сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьсан эдлэл болон хушны  самрын чиглэлээр кластерууд үйл ажиллагаа эхэлж улмаар Европын зах зээлд амжилттай гарч байна.

Энэхүү олон кластерын санаачилгуудыг харахад манай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид кластераар хөгжих эрмэлзэлтэй нь харагдаж байна.

Иймд цаашид кластерын оролцогч талууд илүү нягт уялдаа холбоотой ажиллаж энэ хүнд үед хямралыг даван туулж, улмаар үндэсний бренд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулан экспортыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр:

 “Төрөөс кластерын талаар баримталж буй бодлого” сэдвээр  Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа,

 “Эдийн засгийн төрөлжилтийн түвшин кластерийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ш.Энхтуул,

 “Экспортын кластерыг хөгжүүлэх ТRАМ-ын арга зам” сэдвээр  Монголын худалдааг дэмжих төслийн Ахлах эксперт Карл E. Круг,

“Монголын экспортын кластерийн сүлжээ ТББ”  Монголын экспортын кластерийн сүлжээ ТББ-ын тэргүүн Н.Сарангуа, МҮХАҮТ-ийн С.Оюунзул

 “Цахим худалдааны салбарт ЖДҮ эрхлэгчдэд зориулсан кластерын ашиг тус” Монголын худалдааг дэмжих төслийн эксперт Адриен де Виль

“ Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ-ын туршлага”  Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын тэргүүн Ч.Батцэцэг

“Хисаан мөөг орон нутгийн кластер ТББ-ын туршлага”  Монгол таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ТББ-ын тэргүүн С.Мөнхжаргал 

“Кластерын сүлжээний санхүүжилтийн туршлага”  Хаан банк, жижиг бизнес эхлэгчдийг дэмжих төвийн захирал М.Билгүүн

“Жижиг, дунд үйлдвэрийг кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийн төслийн хэлэлцүүлэг”  Жижиг, дунд үйлдвэрийн газрын БЗХ-ийн хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар тус тус мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын зүгээс харилцан санал бодлоо солилцож, сонирхсон асуултдаа хариулт авч үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлж байв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//