Сайд З.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяатай цахим уулзалт хийлээ

Нийтэлсэн: 4 сарын өмнө

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяатай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ үеэр БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамтай цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. 

     Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Элчин сайд Н.Эрдэнэтуяад шинээр томилогдсонд баяр хүргэн Монгол-Солонгосын Хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны Хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ажлын талаар ярилцав.

            Энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаас БНСУ-руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээрийн протокол тохирох, БНСУ-д жил бүр “Монголд үйлдвэрлэв” сэдэвт үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний R&D буюу судалгаа хөгжүүлэлт, KOICA-ийн шугамаар бизнес хөгжлийн төвийг байгуулах, Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн БНСУ-ын зах зээлд нэвтрэх боломж, Монгол Улсын Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах зэрэг асуудлаар санал солилцон Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//