ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Орон нутгийн хөгжилд хоршооны гүйцэтгэх үүрэг” цахим уулзалтад оролцлоо

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

   Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй”, “Байгаль орчин бидний ирээдүй” төслүүдтэй хамтран “Орон нутгийн хөгжилд хоршооны гүйцэтгэх үүрэг” цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг уулзалтад ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Занданбат нар оролцлоо.

   Төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, үр дүнг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээнд Увс аймгийн Тариалан, Сагил, Түргэн, Ховд аймгийн Дарви, Манхан, Зэрэг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дарив, Хөх морьт,Баян-Өлгий аймгийн Бугат, Толбо зэрэг сумдын удирдлага, Хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав. 

   Цахим уулзалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээж үг хэллээ. Тэрээр “Хоршооны салбар нь өрхийн болон бичил, жижиг, дунд бизнесээр зогсохгүй, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хоршин нэгдэн хөдөлмөрлөж, үйл ажиллагаа эрхлэх, ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хүн амын ажилгүйдэл, ядуурал, тэр дундаа хөдөө орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг чухал салбар юм. 1921 онд сууриа тавьсан хоршооны салбар эдүгээ 100 жилийн ойн босгон дээр иржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4580 хоршоод, 235 мянга гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.         УИХ-аас Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим чиг үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарна” гэв.

     Түүний дараа ЖДҮГ-ын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа “Хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого”, “Загвар хоршоо” зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг баталсан билээ. Энэ хөтөлбөр нь хоршооллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэн хөгжүүлэх, хоршооны нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар төрөөс баримтлах гол баримт бичиг юм.  Мөн Монгол Улсын Их хурал “Хоршооны тухай хууль”-ийн шинэчилсэн  найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж ойрын хугацаанд батлан мөрдүүлэхээр ажиллаж байна.

        Төгсгөлд нь оролцогчдын зүгээс уулзалтын үеэр сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт боллоо хэмээн зохион байгуулагчдад талархлаа илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//