“Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр"-ийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө

    Европын холбооны санхүүжилттэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр"-ийн удирдах зөвлөлийн зургаадугаар хурал 2021 оны 04 сарын 02-ны өдөр цахимаар болж өнгөрлөө.

    Хурлыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траяан Христеа, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, ЕСБХБ-ны Бүсийн тэргүүн, дэд захирал Нодира Мансурова, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар үг хэлсэн юм. Удирдах зөвлөлийн хурлаар Уг хурлаар өнгөрсөн оны тайлан болон 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

     Тус хөтөлбөр нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

§  БЖДБ-д Санхүүгийн байгууллагуудаар дамжуулан санхүүжилт олгох: Дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад зээл олгон БЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 76.2 орчим сая еврогийн зээлийн гэрээг дотоодын санхүүгийн таван зуучлагч байгууллагатай (Хаан банк, Хас банк, Транскапитал, Хас лизинг, Вишн Фанд Монгол ББСБ) хийсэн байна.

§  Санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүжүүлэх / эрсдэл хуваалцах: Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бизнесээ өсгөн, өргөжүүлэх зорилго бүхий ЖДБ эрхлэгчдэд санхүүжилт олгоход чиглэдэг бөгөөд баталгаа болон зөвлөх үйлчилгээний ачаар 5 зээлдэгчид 17.1 сая еврогийн зээл олгоод байна.

§  Бизнесийн зөвлөх үйлчилгээ: Өнгөрсөн хугацаанд зөвлөх үйлчилгээний 276 төсөл хэрэгжүүлснээс 252 компанид дотоодын зөвлөх үйлчилгээ, 24 компанид олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Зөвлөх үйлчилгээнд хамрагдсан жижиг, дунд бизнесүүдийн 70.6 хувь борлуулалт нь тогтмол өсөж, 2256 ажлын байр нэмэгдсэн төдийгүй 38.4 хувь нь шинэ хөрөнгө оруулалт татаж чадсан. Түүнчлэн 2020 онд 1200 гаруй БЖДБ эрхлэгчдийг КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралыг даван туулахад нь туслах зорилго бүхий 40 гаруй цахим сургалт, арга хэмжээнд хамруулсан байна.

§  Бодлогын хэлэлцүүлэг: Санхүүгийн салбарын бодлого ба бизнесийн холбоодын институцийн чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, БЖДБ-ийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийт 12 холбоод нь хөтөлбөрөөр дамжуулан чадавхаа нэмэгдүүлэн, шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд холбоодын 44% нь татвар төлж буй гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж, 80% нь борлуулалтын орлогоо өсгөсөн үр дүнгүүд гарчээ.

    ЕСБХБ-наас цаашид донор байгууллага, түнш банк, санхүүгийн байгууллага болон төрийн байгууллагуудтай илүү нарийн нягт ажиллаж, хамтарсан санхүүжилт болон шууд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “КОВИД-19 дараа эрсдэлд тэсвэртэй жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх” шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг түлхүү дэмжих талаар мэдэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//