ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

      Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Унгар Улсын Элчин сайдын Яамны зүгээс уулзалт хийх хүсэлт тавьсны дагуу өнөөдөр / 2021.03.30 / Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Э.Ундрал, Унгар Улсын ЭСЯ-ны Хөдөө аж ахуй, Гадаад худалдааны зөвлөх Б.Анхбаяр нар байлцлаа.

     Энэ үеэр Хөдөө аж ахуй, Гадаад худалдааны зөвлөх Б.Анхбаяр Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг ашиглан, экспортын чиг баримжаа бүхий европ стандартын мах, сүүний үйлдвэр хөдөө, орон нутагт байгуулах боломжийг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Эхний ээлжид нэг аймгийг сонгон, жижиг хэмжээний туршилтын үйлдвэр байгуулах бөгөөд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр тал дээр Унгарын Экспорт импортын банктай хамтран ажиллах боломжийг судлах юм.

    Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Элчин сайд Борбала Анна Обрушанскид Унгар Улсын Жижиг, дунд үйлдвэрийн  агентлагтай холбогдож, туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Унгар Улсад зохиогдох үзэсгэлэн худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулах, Монгол Улсад хамтарсан үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//