ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан МҮХАҮТ-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

     Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Уг арга хэмжээнд ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, мэргэжилтэн О.Бадамханд, МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, мэргэжилтэн Э.Ичинхорлоо нар байлцав.

    Уулзалтын үеэр хоёр тал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд таниулж борлуулалтыг өсгөх, зах зээлийг тэлэх зорилго бүхий цахим платформ нээн ажиллуулах, шаардлагатай судалгааг хийн мэдээллийн сан бүрдүүлэхэд  хамтран ажиллах тал дээр харилцан санал солилцож, тохиролцлоо.

     Мөн төрийн байгууллага болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дангаар болон кластераар ажиллан нийлүүлэх боломжийг судлан хооронд нь холбох, худалдан авалтыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцсан юм.  

       Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын гишүүнд МҮХАҮТ-ын төлөөлөл багтдаг. Энэ бол төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа бас нэг сонгодог хэлбэр. “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд МҮХАҮТ саналаа өгсөн байгаа. Түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас жил бүр зохион байгуулдаг БНХАУ-ын үзэсгэлэн 2020 онд өнжсөн. Цаг үеийн байдалтай уялдуулаад энэ жил хурал, уулзалтыг цахимаар, үзэсгэлэнг уламжлалт хэлбэрээр зохион байгуулах саналаа гаргана. Энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

      МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Ковид-19 цар тахал эдийн засгийн хувьд эрсдэл үүсгэсэн ч нөгөө талдаа бидэнд цахим орчинд ажиллах эерэг боломж олгосон. Бид энэ 3 сарын хугацаанд МҮХАҮТ-ын 5000 гаруй гишүүн байгууллагуудын танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг багтаасан вэб сайтын хөгжүүлэлт хийлээ.   

Түүнчлэн бид БНХАУ-д “Монголд үйлдвэрлэв төв”-ийг энэ ондоо багтаан байгуулах тал дээр хүчээ дайчлан ажиллаж байна. Та бүхэнтэй энэ ажил дээр зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байна гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//