НҮБ-ын Бичил ЖДҮ-ийн Бодлого боловсруулагчдын сүлжээний анхдугаар хурал боллоо

Нийтэлсэн: 1 сарын өмнө

     Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос /АНДЭЗНК/ дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах болон цар тахлын дараах бичил ЖДҮ эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий Бичил, ЖДҮ-ийн Бодлого боловсруулагчдын сүлжээ байгуулж, анхдугаар хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

Уг сүлжээн дэх Монгол Улсын төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар томилогдон оролцож, санал дэвшүүлсэн юм.

    Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан виртуал хэлбэрээр зохион байгуулсан уг арга хэмжээг НҮБ-аас онцгой анхаарал хандуулан, өнгөрсөн онд болсон Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаараа олон талт, уялдаа холбоо бүхий хариу арга хэмжээгээр Ковид-19 цар тахлыг даван туулах олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний үндсэн дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

     Энэхүү сүлжээний зорилго нь БЖДҮ-тэй холбоотой тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, улс орнуудын БЖДҮ-ийн бизнесийн орчноо сайжруулсан туршлагыг хуваалцах, БЖДҮ-т тулгардаг сорилт бэрхшээл, боломжийн талаар өргөн мэдлэг бүхий ТББ, олон талт институц, шинжээчидтэй холбох, Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд БЖДҮ-ийн оролцоог тодорхойлох юм.

     Анхдугаар уулзалтаар АНДЭЗНК-ын БЖДҮ-ийн Бодлогын гарын авлагын хоёр дахь хэвлэл, БЖДҮ ба Дижитал эдийн засаг, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл өглөө.

   ЖДҮГ-аас тус Бодлогын гарын авлагад санал тусгаж, Монгол Улсын туршлагыг хуваалцахаа мэдэгдсэн. Мөн АНДЭЗНК нь донор байгууллагуудтай хамтран “Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг идэвхжүүлэх” хөтөлбөрийг Бангладеш, Камбож, Фижи, Непал, Самоа болон Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ. 2023 он хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт ЖДҮГ-аас Монгол Улсын эмэгтэй бизнес эрхлэгчдээ дараагийн ээлжид оролцуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа АНДЭЗНК-т илэрхийллээ.

     Цаашид энэхүү платформоороо Ази, Номхон далайн бүсийн БЖДҮ-ийн Бодлого боловсруулагчид жил бүр уулзаж, салбарын ололт амжилт, алдаа оноогоо хуваалцах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//