“Хоршооны талаарх төрийн бодлого зохицуулалт болон хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн цахим хэлэлцүүлэг болж өндөрлөв

Нийтэлсэн: 8 сарын өмнө

    Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газартай хамтран “Хоршооны талаарх төрийн бодлого зохицуулалт болон хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр /2020.01.20/ зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээв.

 

  Тэрээр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг  2020 онд 10 гаруй хоршоо хамрагдсан. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Бид мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран  Загвар хоршооны ТЭЗҮ батлуулсан байгаа. Загвар хоршоо байгуулахад 600-800 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. 2020 оны төсвийн төсөлд Загвар хоршоог хөгжүүлэх 1 тэрбум 200 сая төгрөгийн санал өгсөн боловч харамсалтай нь батлагдсангүй. Аймаг, сум бүр нэг загвар хоршоотой болох тал дээр анхаарах хэрэгтэй. Цар тахлын нөхцөл байдал арилчихвал бүсчилсэн сургалт, тэргүүн туршлага судлах зэрэг олон ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

    Уг хэлэлцүүлэгт Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн  Аймаг, сумдын  Хоршоо, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал  хариуцсан мэргэжилтнүүд, сумдын Нийгмийн даатгалын байцаагч болон аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй хоршоодын төлөөлөл оролцсон юм.  Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газраас Төрөөс хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, тусгай сан /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан/ -гаас хоршооны үйл ажиллагааг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын танилцуулга, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийсэн юм.  Мөн Үндэсний холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй ажлуудын танилцуулга, Хоршоодыг цахим орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах талаар тус тус мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн оролцогчдын зүгээс сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал, бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//