Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн: 8 сарын өмнө

      ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сунтай  өнөөдөр уулзаж, ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд  цаашид хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооллын үйлчилгээг дэмжих зорилгоор мэргэжилтэн солилцох, хоёр орны энэ чиглэлийн аж ахуйн нэгж болон институт хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Солонгосын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамтай цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад түлхүү анхаарна гэдгээ энэхүү уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

     БНСУ-ын хувьд нийт аж ахуйн нэгжийн 99,9 хувь нь буюу 6,6 сая бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бөгөөд 20,5 сая хүнийг ажлын байраар хангадаг. Энэ салбарт 9 хүртэл ажилтантай 3,0 сая орчим бичил бизнес эрхлэгчид, 378000 орчим жижиг, 102000 дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Жилийн 1-12 тэрбум воны орлоготой нь жижиг, бизнес эрхлэгчид, 40-150 тэрбум воны орлоготой нь дунд бизнес эрхлэгчид хамаардаг.

БНСУ-ын ЖДҮГБЯ нь тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор дараах 9 харьяа байгууллагыг удирдан ажиллуулдаг:

1.    Солонгосын Зээлийн Батлан Даалтын Сангийн Холбоо (KOREG)

2.    Жижиг, Дунд Бизнесийн Корпораци (SBC)

3.    Солонгосын Технологи, Мэдээллийн Хөгжлийн Агентлаг (TIPA)

4.    Жижиг Бизнесийн Дистрибьюшн Төв (SBDC)

5.    Жижиг Үйлдвэр, Маркетингийн Үйлчилгээ (SEMAS)

6.    БНСУ-ын Гарааны Бизнес ба Бизнес Эрхлэлтийг Хөгжүүлэх Институт (KISED)

7.    БНСУ-ын Венчур Хөрөнгө Оруулалтын Корпораци (KVIC)

8.    БНСУ-ын Жижиг Бизнесийн Институт (KOSBI)

9.    Солонгосын Технологийн Санхүүжилтийн Корпораци (KIBO).

БНСУ-ын ЖДҮ ба Гарааны Бизнесийн Агентлаг (KOSME)

Korea SMEs & Startups Agency (KOSME) нь ЖДҮ-ийн тогтвортой өсөлт, хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын байгууллага юм.

KOSME нь ЖДҮ эрхлэгчдэд зориулсан санхүүгийн болон санхүүгийн бус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн бүтцээ шинэчлэн өөрчлөх зэрэгт санхүүжилт олгодог. ЖДҮ-ийн дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын маркетинг, олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг багтаасан зөвлөх, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//