ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим сургалтад оролцлоо

Нийтэлсэн: 3 сарын өмнө

    Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг өнөөдөр /2020.01.05/ боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, төлөөлөл, ХНХЯ, ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Уг хэлэлцүүлэг “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенци”-ийн хэрэгжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, дэмжихэд тулгамдаж буй асуудал”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангахад авч буй тусгай арга хэмжээ-олон улсын туршлага” зэрэг сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.

Цахим хэлэлцүүлэгт ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан урилгаар оролцож, үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцүүлж байгаа энэ үед цагаа олсон чухал сэдэв байна. Хуулийн хэлэлцүүлгийг туршлагатай парламентын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нар оролцоод явж байгаа учраас сайн хууль болох байх гэдэгт итгэж байна.  Эмэгтэйчүүдийн хамгийн их хөдөлмөр эрхэлж буй 5 салбар бол ЖДҮ-ийн салбар. Энэ салбар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд чухал үүрэгтэй болох нь харагдаж байна. Жишээ нь 2019 онд ЖДҮХС-аас зээл авсан аж ахуй нэгжүүдийн 68 хувь нь эмэгтэй захиралтай. Энэ салбар бодлого нь зөв явбал эмэгтэйчүүдэд илүү үр нөлөөтэй гэсэн үг. Хэлэлцүүлгээс харахад ч энэ сэдэв чухал учраас бид бүхнийг урьсан гэж ойлгож байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар шинэ цаашид энэ арга барилаар ажиллах нь зөв үү, буруу юу гэдэгт дүгнэлт хийх цаг нь болсон. Бүтээгдэхүүн гаргаж ажиллах тал дээр анхаарна. Тухайлбал эмэгтэйчүүдэд зориулсан зээл гаргах ч гэдэг юм уу. Энэ тал дээр нэн ялангуяа эмэгтэй УИХ-ын гишүүдийн нөлөө чухал. Эх үүсвэр бүрдүүлэх, төсөв батлах тал дээр ажиллаж чадах нөлөө бүхий хүмүүс нь УИХ-ын гишүүд. Энэ тал дээр сайн ажиллаж чадвал эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломж бий.

Орон нутгаас төлөөлөл оролцож байгаа юм байна. 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдсан. Энэ хуульд орон нутаг төсвөө батлаад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжээд төсөвтөө мөнгө суулгах боломжийг нээж өгсөн. Үүний  нэг жишээ нь Өмнөговь аймаг 2020 онд орон нутгийн төсөвтөө 1 тэрбум төгрөг нэмж суулгаад зөвхөн Өмнөговийн аж ахуйн нэгжүүдэд улсын төсвөөс хуваарилсан эх үүсвэрээс гадна зээл олгосон. Тэгэхээр та бүхэн ирэх жил орон нутгийн төсөвтөө мөнгө суулган орон нутгийнхаа ЖДҮ эрхлэгчдийг дэмжин манай газартай хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хууль, эрх зүйн хувьд нээлттэй.

ХХААХҮЯ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх тал дээр маш их дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. 2019-2020 онд ХХААҮЯ-ны нэр дээр байсан газар дээр  100 хүүхдийн цэцэрлэг барьсан. 2020 онд ашиглалтад орсноор яамны албан хаагчдын болон тойргийнхоо хүүхдүүдийг хамруулж,эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэх ажиллаж боломжийг нэмэгдүүлж байгаа. Мөн ХХААХҮЯ дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулсан. Судлаад үзэхээр хүүхдийн хүмүүжил, эцэг эхчүүд ажиллах боломжоор хангах зэрэг олон арга хэмжээ авч байна. Хүүхдийн эрхийн талаар барьж буй “Гэр бүл хөгжлийн газар”-тай хамтраад бодлогын бичиг баримт бүрдүүлээд ажиллаж байгаа.

Жижиг, дунд үйлдвэрийн газар ирэх жилүүдэд шинэлэг олон улсад байгаа дэвшилтэт арга барилаар ажиллана. Ийм бүтэц орон тоог бүрдүүлж ажиллахаар зорьж байна” гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//