ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Зөвлөхүүд хамтдаа” Менежментийн Зөвлөхүүдийн Форумд оролцов

Нийтэлсэн: 2021 жилийн өмнө

       Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ) үндэсний зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, Олон улсын байгууллагууд, Их дээд сургууль, Шинжлэх ухааны байгуулагууд, холбогдох төрийн ба төрийн бус байгуулагуудыг хамруулсан “Зөвлөхүүд хамтдаа”  Менежментийн Зөвлөхүүдийн Форум өнөөдөр онлайн  хэлбэрээр /2020.12.16/ зохион байгууллаа.

       Энэхүү арга хэмжээний нээлтэд Олон Улсын Менежементийн Зөвлөхүүдийн Институтуудын Зөвлөлийн (ICMCI) Дарга ноён Двайт Микаликс, Сингапурын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын ТУЗ дарга Лидия Го, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар оролцож, үг хэллээ.   

     Форумд оролцогчид дэлхий дахинд зөвлөх үйлчилгээний зах зээл болон олон улсын зөвлөх мэргэшсэн зөвлөхийн эрэлт хэрэгцээ, тавигдах шаардлага зэрэг сэдвээр  мэдээлэл солилцож ололт амжилт, сайн туршлагуудаасаа хуваалцсан юм.

     Форумаар зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж буй зөвлөх компаниуд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын, мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих мэдлэг, мэдээллийг солилцох, хамтын ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын өмнө тулгамдаад буй  асуудлуудыг зөвлөх үйлчилгээгээр шийдэх замаар Монгол улсын нийгэм, эдийн засагт Зөвлөх үйлчилгээний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо.  юм. Мөн үндэсний зөвлөх үйлчилгээний зах зээлийг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, зөвлөхүүдийг олон улсын хэмжээнд мэргэшүүлэн үнэ цэнийг нь нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

        Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы Зөвлөхүүд хамтдаа”  Менежментийн Зөвлөхүүдийн Форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, гадаад дотоодын зөвлөх, экспертүүд та бүхний амрыг эрэн мэндчилж байна.

                

Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар, “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дүгээр тогтоолоор эдийн засгийг сэргээх зэрэг шат дараалсан арга хэмжээг авч байна.

 

Халдварт цар тахал аль хэдийнээ 218 орны 70,4 сая орчим хүнд, Монгол Улсад 917 хүнд халдварлаад байгаа бөгөөд үүнээс үүдэн гарч буй хямрал нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг цочроож эхэлсэн бөгөөд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд төдийгүй эрэлт хэрэглээ, хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Бүх төрлийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болж, салбарын орлого буурах, ажлын байраа алдах зэрэг томоохон сорилт, бэрхшээлтэй тулгарч байна.

 

Мэргэжилтнүүдийн гаргаж буй тооцоогоор хамгийн багадаа ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд цар тахлыг бизнесийн стратеги, зорилго, зорилтын томоохон нөлөөлөгч хүчин зүйл болгож үзэхээс өөр аргагүй байдалд орлоо. Үүнтэй холбоотой бизнесийн экспертүүд, зөвлөхүүд цар тахалын үед бизнесийн стратеги, санхүү, хүний нөөц, эрсдэлээ хэрхэн төлөвлөх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах хэрэгцээ  шаардлага зайлшгүй үүсч байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдан 5 хэлтэс 39 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Агентлагийн бүтцэд “Бүртгэл мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтэс”-ийг шинээр байгуулсан ба үйл ажиллагаа, үйлчилгээгээ цахимжуулах, онлайн болгох,  жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн үе шатанд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд төрийн бодлого зорилтыг чиглүүлэх, салбарын экспорт, борлуулалтыг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулахад анхаарч байна.

 

Мөн төр хувийн хэвшлийн оролцоотойгоор жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан үүсгэж, бодлого тодорхойлогчид, салбарын хөгжилд оролцогчдыг мэдээллээр хангах, бизнесийн бүх үе шатанд цогц сургалтын модуль боловсруулж, хэрэгжүүлэх, консалтинг, зөвлөх үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, салбарт үйл ажиллагаа явуулагч, холбоод, ТББ-ууд, зөвлөхүүдтэй хамтран ажиллах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, чанар стандартыг сайжруулах, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулан таниулах, зөвлөхүүдийн үндэсний сүлжээ үүсгэж, мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэх замаар 63 мянган жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хүрч ажиллахыг зорьж байгаа болно.

 

Эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, Монгол Улсад хамгийн олон ажлын байрыг бий болгож буй жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг дэмжих,  хөгжүүлэх, чадавхжуулахад та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

 

Та бүхний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//