Хамтран зохицуулах хорооны хоёрдугаар хурал болж өндөрлөв

Нийтэлсэн: 9 сарын өмнө

    Жайкагийн Бизнесийн хүний нөөцийн хөгжил, Бизнесийн хамтын ажиллагаа төслийн хүрээнд Хамтран зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр /2020.12.16/-ны Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв дээр болж өндөрлөлөө. Хуралд Монгол талаас БСШУЯ-ны Гадаад  хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын зөвлөх А.Ачболд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нар оролцов. Харин Японы талаас Япон улсын элчин сайдын Хаяаши Шиничиро, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшимүра Токүжи, Жайкагийн Техникийн хамтын ажиллагааны төслийн ахлах зөвлөх Оониши Ёшифүми /Японоос цахимаар оролцов/, Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төслийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэргэжилтэн Накамүро Ко /Японоос цахимаар оролцов/, Жайкагийн Техникийн хамтын ажиллагааны төслийн зохицуулагч, их сургууль, үйлдвэрлэл хамтын ажиллагааны мэргэжилтэн Такигүчи Рёо нар оролцлоо.

 

    Хурлын эхэнд Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Жайкагийн Техникийн хамтын ажиллагааны төслийн ахлах зөвлөх Оониши Ёшифүми “Шинэ төслийн агуулга” цаашид хийгдэх ажлууд сэдвээр мэдээлэл өгсөн бол Японоос цахимаар оролцсон Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төслийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэргэжилтэн Накамүро Ко “Бизнесийн хамтын ажиллагааг дэмжих ажлын агуулга, үр дүн, цаашид хамтарч ажиллах сэдвийн хүрээнд 2020 оны ажлаа тайлагнав. Хурлын үеэр зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Та бүхний ажлын тайлантай танилцлаа. Олон ажил хийж хэрэгжүүлжээ. Ирэх жил хийх сургалтын төлөвлөгөөгөө манай байгууллагад ирүүлбэл олон нийтэд түгээх, мэдээлэл өгөх тал дээр хамтарч ажиллахыг хүсч байна” гэсэн юм. Мөн оролцогчдоос ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах сургалт болон Япон улсад хэрэгжих боломжтой төслүүд дээр хамтарч ажиллах боломжтой эсэх талаар цөөн асуултад хариулт авсан юм.

Ц.Даваадорж: ЖДҮГ-т Ажлын байран дээрх сургалт зохион байгуулах боломжтой

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан :Үндсэн сургалт болох Жижиг, дунд үйлдвэрийн газрын менежмент, үнэлгээ шинжилгээ сургалтад хамрагдсан хүмүүсийн тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн нэмэгдсэн байна. Энэ нь эрэлт их байгааг харуулж байна. 2021 онд сургалтуудаа яаж хийхээр товлосон бэ?

МЯХНХ-ийн төвийн захирал Ц.Даваадорж:Суралцагчдын тоо энэ жил өссөн. Энэ маань манай сургалтын эрэлт их байгааг харуулж байна. 2020 он эхлэхээс өмнө сургалтын төлөвлөгөө гаргаад бүртгэл эхэлчихсэн байсан. Эхний 2 сургалт яваад COVID-19 коронавирусын улмаас завсарласан. 7 дугаар сараас онлайнаар явуулж эхэлсэн.

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: ЖДҮГ-ийн агентлаг 2020 оны наймдугаар сард шинээр байгуулагдсан. Ажилчид маань ихэнх нь шинэ. Ажлын байран дээрх сургалтыг ЖДҮГ-т зохион байгуулах хүсэлтэй байна?

МЯХНХ-ийн төвийн захирал Ц.Даваадорж: Сургалт авах хүсэлтүүд их ирж байгаа. Бид бололцооны хэрээр сургалтаа онлайн болон ажлын байран дээр хийх гэх мэтээр зохион байгуулж байна. Энэ сургалтаа танай байгууллагатай хамтарч ажиллахдаа баяртай байх болно. Бид ирэх оны төлөвлөгөөндөө оруулаад хамтарч ажиллаж болох байх гэж бодож байна.  

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Япон дахь сургалтууд 2021 онд хийгдэх үү?

МЯХНХ-ийн төвийн захирал Ц.Даваадорж: Одоогийн нөхцөл байдлаар Японд цар тахлын 3 дахь давалгаа нэлээн хүчтэй орж ирэх, үргэлжлэх төлөвтэй байна. Иймд сургалтууд цуцлагдсан байгаа.

Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшимүра Токүжи: Монголын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж японд нэвтрэх бүтээгдэхүүн бий болгох тал дээр анхаарах нь зөв

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Жайка олон улсын байгууллагатай томоохон төслүүдэд зээл олгох талаар хамтарч ажиллаж байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ямар боломж байна гэж харж байна вэ?

Ёшимүра Токүжи: ЖАЙКА -ийн хувьд аж үйлдвэрлэлийн олон талт байдлыг голлон анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүний дотор ХАА-н value chain project монголын ХАА-н бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэх талаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна шууд хамааралгүй ч MJEED 1000 инженерийн хөтөлбөрөөр дамжуулан үйлдвэрлэлийн олон талт байдал гэдгээс монголын үйлдвэрлэлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ийм байдлаар цаашид монголын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж японд нэвтрэх бүтээгдэхүүн бий болгох тал дээр анхаарах нь зөв. Яг одоо  боломж бага байгаа ч анхаарч ажиллана.

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд үйлдвэрийн газарт сайн дурын ажилтан ажиллуулах боломжтой юу?

Ёшимүра Токүжи: Одоогийн байдлаар хувийн хэвшил рүү сайн дурын ажилтныг илгээх талаар ажил эхэлж байна. Боломжтой гэж харж байна. Энэ талаар тусдаа уулзаж, зөвлөлдөх шаардлагатай болох болов уу. Боломжтой бол хариуцсан ажилтныг уулзуулж тодорхой асуудлаар зөвлөлдөж болох юм. Чухал салбар тул ЖАЙКА-ийн зүгээс анхааран ажиллана гэж бодож байгаа. Хэрэв өөр хүсэлт байвал санал солилцохыг хүсч байна.

Жайкагийн техникийн хамтын ажиллагааны төслийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих мэргэжилтэн Накамүро Ко:

Японы орон нутгийн олон улсын ЖАЙКА-ийн төвүүдтэй хамтран чацаргана, ноолуур, шимийн архи зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг хайж байгаа

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Монгол улсад өнөөдөр “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үзэсгэлэнг Япон улсад зохион байгуулах боломж хэр байна вэ?

 Накамүро Ко: Амжилттай явж байгаа компаниудаас үйл ажиллагааны тодорхой төрлүүдээр японтой цахимаар холбогдон хүнсний үзэсгэлэн зохион байгуулах талаар судалж, төлөвлөж байгаа зүйл бий. Одоогоор саналын түвшинд ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газар, Японы орон нутгийн олон улсын ЖАЙКА-ийн төвүүдтэй хамтран чацаргана, ноолуур, шимийн архи зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг хайж байгаа. Гэхдээ чацарганы бүтээгдэхүүн байна худалдаж авна уу, ноолууран бүтээгдэхүүн худалдан авна уу гэсэн уламжлалт хандлагаар биш чацаргана ашиглаад японы компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, ноолуурын хувьд японы дизайнер ямар бүтээгдэхүүн зохион бүтээх боломжтой эсэх талаар одоогийнхоос өөр нөхцөл байдлаар экспорт хийх боломжийг эрэлхийлж байна. 

      Үзэсгэлэн худалдааны хувьд цахимаар японд хэрхэн явуулах, дүрс бичлэгийг японд нэвтрүүлгээр гаргах, youtube ашиглах, цахимаар явуулах зэргээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Японы компаниудыг Монголын бүтээгдэхүүнүүд рүү анхаарлыг нь татах, нэмэгдүүлэх талаар төлөвлөж  байна. Энэ тал дээр та бүхэнтэй хамтарч ажиллах бодолтой байгаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//