“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум эхэллээ

Нийтэлсэн: 4 сарын өмнө

           Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D болон 2D цахим үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдана

       Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар улс орон болгон өөрсдийн гарцыг хайж арга замыг эрэлхийлж байна. Манай улсад ч бас дээрх нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах, эерэг гарц боломжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид хамтдаа эрэлхийлж, энэ жил зургаа дахь удаагаа уламжлагдан болж  байгаа “Экспорт Монгол  2020”  олон улсын форумаа нөхцөл байдалтай уялдуулан илүү өргөн хүрээг хамрахын тулд “Экспортын нэгдсэн сүлжээнд нэгдэцгээе” уриатайгаар  цахимаар зохион байгуулж байна.  

      Энэ удаагийн форумыг  ГХЯ, ХХААХҮЯ, Соёлын яам, ЖДҮ-ийн газар, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр Хөгжлийн шийдэл, Экспорт Олон улсын худалдааны төв /EITC/, МҮХАҮТ, Амчам зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж,  Монголд анх удаа үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг 3D болон 2D цахим үзэсгэлэнгийн хэлбэрээр  олон улсад  сурталчилж байгаагаараа онцлогтой.  Мөн Үндэсний үйлдвэрлэгч, экспортлогчдын хэрэгжих боломж өндөртэй, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг цахим платформоор хөрөнгө оруулагчдад сурталчилж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын  уулзалтуудыг  зохион байгуулж байна.

       Монгол Улсын Засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөрүүд болон төрийн бус байгууллагууд нэгдэн Монголын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, экспортлогчдын цахим форум, үзэсгэлэн, мөн сургалт, хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчдийн цахим уулзалтыг www.exportmongolia.org - ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ бүхий экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм. Цахим форумыг нээж Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн Ерөнхийлөгч  Л.Баян-Алтай хэлсэн үгэндээ,

  • Дэлхий даяар эдийн засгийн хүнд хэцүү үеийг даван туулах гэж хичээж байгаа энэ үед эдийн засгийн хөгжилд зайлшгүй хувьсал өөрчлөлт хийхийг бид бүхнээс шаардаж байна. Иймд эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон дотоодын хувийн хэвшил, үйлдвэрлэгч, ААН, компаниудын дуу хоолойг сонсож, гадаадын хөрөнгө оруулагч, худалдан авагчдыг бидэнтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай бизнесийг Монголд эрхэлж, хямралыг боломж болгон хамтран ажиллахыг уриад, Монгол Улсад уул уурхайн бус асар их шавхагдашгүй нөөц боломж бүхий салбаруудыг онцолж, энэ их өргөн боломжийг алдалгүй атгаж авахыг хөрөнгө оруулагч, хамтран ажиллагчдаасаа хүслээ. Тэрээр,  Бидэнд 70 гаруй сая толгой мал, газар тариалангийн газрын асар их нөөц бүхий хөдөө аж ахуйн салбар, байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвжиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт, түүхт байгаль орчинд суурилсан аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг маш олон салбаруудад бизнесийн боломжууд бий хэмээн онцоллоо.

       Цахим форум  хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн  хуралдаанд  Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үндсэн илтгэл тавьснаар / https://www.youtube.com/watch?v=5LITE7gnioQ&feature=emb_title \ экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн салбар хэлэлцүүлгээр форум үргэлжилж байна .“Экспорт Монгол 2020” цахим форум маргааш  \2020.12.16\ манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ  зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалтаар үргэлжилнэ .

Албан ёсны мэдээллийн суваг: www.exportmongolia.org  - оос илүү дэлгэрэнгүйг үзнэ үү.

 


 

ДООРХ ХОЛБООСООР ОРЖ БҮРТГҮҮЛСНЭЭР ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХ ЭРХ НЭЭГДЭНЭ. https://www.expomongolia.org/register

ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ https://www.expomongolia.org/#agenda

ХААНА: Цахим: www.exportmongolia.org

ХЭЗЭЭ: 2020 оны 12 сарын 15, 16 Холбоо барих: 9503-3019 Вэбсайт: www.exportmongolia.org

Имeйл: consult@exportmongolia.mn Цахим хуудасны зааврыг https://www.youtube.com/watch?v=Bwg78u7k8hg... үзэж, бүртгүүлнэ үү.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//