ОУ-ын ЭЗХХА-ны (OECD) байгууллагаас Ковид19 цар тахлын үед Жижиг, дунд үйлдвэрийг хэрхэн дэмжих талаар семинар зохион байгууллаа

Нийтэлсэн: 10 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлтээр ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны (OECD) байгууллагаас эдийн засгийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Ковид19 цар тахлын үед улс орнуудын амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, Монгол Улсад шаардлагатай бодлогын зөвлөмж өгөх цахим сургалтыг өнөөдөр /2020.12.02/ 16 цагт  зохион байгууллаа. 
           Хоё цаг гаруй үргэлжилсэн уг семинарт ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны (OECD) байгууллага,  Фанцын "BPI" банк, Европын холбооны ЭЗХХА газар, УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны гишүүд, ХХААХҮЯ, ГХЯ, Сангийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. 
           Семинарын эхэнд ОУ-ийн ЭЗХХА-ны төлөөлөгчид сургалтад оролцогчдод зорилан мэндчилгээ дэвшүүлж, сургалтын дэс дараалал, сургалтын үед анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч танилцууллаа. Үүний дараа ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун “Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, зохион байгуулагч болон оролцогч нарт талархал илэрхийлсэн юм. 
         Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан семинарын үеэр Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжин бодлогын агентлаг байгжуулан ажиллаж байна. ЖДҮ-ийн газраас 2020 онд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон төсөл сонгон шалгаруулалт, зээлийн эргэн төлөлт гээд өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө. Мөн Дэлхийн дахинд тархсан COVID-19 цар тахлын улмаас авч буй хөл хорионы арга хэмжээ нь эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас үүдэн санхүүгийн дарамтанд оруулж, олон хувийн хэвшлийн бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийг эрсдэлд оруулаад байна. Ийм хүнд нөхцөлд гадны улс орнуудын туршлагатай танилцаж, мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  
 
ОУ-ын ЭЗХХА-ны байгууллага /OECD/: Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарах нь санхүүгийн чадавхыг сайжруулах тал дээр маш том түлхэц болно
 
               ОУ-ын ЭЗХХА-ны төлөөлөл хурлын үеэр “Цар тахал, хөл хорио дэлхийн бүх оронд тулгарсан. Үүнтэй эвлэрч эдийн засгийн сэргэлтийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй. Монголын хувьд төдийгүй Төв Азийн аль ч улс орны хувьд бүс нутгийн уялдаа буюу төлөвлөлт засаглал нэн тэргүүний асуудал.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөл хорионы энэ үед дараа дараагийн арга хэмжээнүүд маш чухал.  Тухайлбал, 
               Засгийн газраас төсвийн дэмжлэгийг цааш үргэлжлүүлэх нь нэн тэргүүний асуудал.  Засгийн газар жижиг, дунд үйлдвэрүүддээ хүрч ажиллах боломж нь байгаа учраас энэ бодлогодоо тулгуурлан цахим талбарыг ашиглах, боловсролыг сайжруулах, бусад асуудлуудаа хамтад нь анхаарах бодлогын чиглэлийг баримтлах нь чухал. 
               Аль ч улс орон Жижиг, дунд үйлдвэрүүдийн бизнес болон өрхийн хэрэглээг дэмжих богино хугацааны асуудал хүндрэлүүдийг шийдвэрлэхийн зэрэгцээ урт хугацааны зорилго, зорилтуудтай байдаг. Монгол Улсын хувьд ч энэ чухал ач холбогдолтой юм. Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бэхжүүлэ, анхаарах нь санхүүгийн чадавхыг сайжруулах тал дээр маш том түлхэц болно” гэв. 
                                                  
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк  /EBRD/:
2021 онд хэрэгжих төслүүдэд 11 сая ам. долларын санхүүжилт олгоно
 
         Цахим хуралд Европын Сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-ыг төлөөлөн С.Байгалмаа оролцож, мэдээлэл өглөө. ЕBRD Ирэх онд хэрэгжих төслүүдэд 11 сая ам. долларын санхүүжилт олгох гэнэ. Мөн цар тахлын үед  бизнесийн орчин илүү эерэг байх шаардлагатай учраас  бичил болон жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх түншлэгч байгууллагуудын чадавх бэхжүүлэх тал дээр анхаарна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрүүдэд дамжуулан зээл олгох чиглэлээр чадавх бэхжүүлэн ажиллана гэсэн үг. Түүнчлэн банк санхүүгийн байгууллагуудтай эрсдэлийн хуваарилалт хийх, эрсдэлийг хуваалцах учраас тодорхой эрсдлийн хуваариар ажиллахаар төлөвлөжээ.    
        Монголын Жижиг, дунд үйлдвэрүүдэд үндэсний зөвлөхүүдээр буюу мэдлэг туршлага солилцох, дамжуулах чиглэлийн ажил бага хийгддэг. Энэ тал дээр илүү анхаарна гэдгээ хурлын үеэр илэрхийлсэн юм. Мөн ногоон төслүүдэд нэлээдгүй анхаарах аж. Тодруулбал, ногоон төслүүд эрчим хүчний хэмнэлттэй болон бусад төслүүдийг нэлээдгүй ач холбогдол өгч ажиллах нь.  
 
Франц: Цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч эрүүл ахуй, халдварын дэглэмээ сайжруулаад жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжин, ажиллаж эхэллээ
 
      Өнөөдрийн байдлаар Франц улс цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч эрүүл ахуй, халдварын дэглэмээ сайжруулаад бизнесүүд хэвийн горимдоо шилжин ажиллаж эхэлсэн байна. Банкны нэгтгэл, экспортын зээлийн чиг үүргүүдээ бүгдийг нэгтгээд "BPI"  банкны хүрээнд маш өргөн хүрээний үйл ажиллагаа явуулж байна.  Олон салбартай энэ банк бизнес эрхлэгчдэдээ тулж ажиллах санхүүжилтийн хэрэгцээ, шаардлагыг нь ойлгох, бас тэдний хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх боломж олгодог аж.  Амьдралын бүхий л мөчлөгт нь цаг үед нь хамт байдаг гэж хэлж болно.  Хэмжээнээс нь үл хамаараад хамгийн жижиг бичил бизнес, жижиг, дунд болон томоохон компаниуд аль алинийх нь хувьд зээлийн нөхцөл байдалд эрсдэл хүлээн авах эрсдэл хүлээх төрөл бүрийн сонирхолд нийцүүлэн өрийн капитал буюу төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг гэсэн  үг. Санхүүгийн тасралтгүй дэмжлэг үзүүлэх гинжин хэлхээг бий болгохыг зорьж ажилладаг байна.
 
             Хэрэгжүүлж буй арга хэмжээ: ЗГ-аас зээлийн эргэн төлөлтийг тэглэж, татвар төлөлтийг хойшлуулан, цалингийн 84%-ийг төр хариуцна
   Цар тахал эрэлт, нийлүүлэлт аль алийг нь шоконд оруулсан энэ хугацаанд Франц улсад тээвэр ложистикийн асуудал асар их хүндэрч, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ, эмчилгээний нийлүүлэлт ч бусад орны адил тасалджээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бизнесийн дампуурлаас сэргийлэхээр Франц улс 300 тэрбум еврогийн баталгаат зээлийг өгч эхэлсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг эхний жилд тэглэж, зээлийн эргэн төлөлтийг 5-аас дээш жил болгохоор анхаарч ажиллаж эхэлсэн байна.  Ажилгүйдлээс сэргийлэх буюу цалингийн 84%-ийг төр хариуцах гэх мэтчилэн нэлээн олон төрлийн тодорхой арга хэмжээ авчээ. Урьд өмнө нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй татвар төлөлтийг хойшлуулах, “Бизнесүүдийг дэмжих эв санааны нэгдэл”-ийн санг ажиллуулах мөн бизнесийн идэвхжилийг дэмжих түр хугацааны арга хэмжээнүүд тогтолцоог оруулж ирсэн нь үр нөлөөтэй болжээ. Мөн банкнаас компаниудад Засгийн газрын баталгаатай банкны зээл олгож эхэлсэн. Зээл олгохдоо ил тод, нээлттэй байдлаар хэдий  хугацаанд эзэндээ очих тэр боломжийг хангасан байна. 
               Франц улс цар тахлын нөхцөл байдалд тохируулан эрүүл ахуй, халдварын дэглэмээ сайжруулан үйлдвэрлэл, бизнесүүд үүдээ нээж, хэвийн горимд шилжүүлэн ажиллаж эхэлжээ. Хэдийгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч бизнесүүдийг дэмжих зайлшгүй шаардлага хэвээр байна. Иймд Засгийн газартаа дараагийн шатны дэмжлэгийг хэрэгжүүлэх шаардлагыг эдийн засагчид тавьж эхэлжээ. Тухайлбал, 100 тэрбумын багцаас ногоон  төсөлд 30 орчим тэрбумыг нь зориулна. 2050 он хүртэл ногоон шилжилтийг хийж байгаа компаниудыг дэмжинэ гэсэн үг. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллах  байгууллагуудыг зээлээр дэмжин ажиллах, автомашины болон агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа компаниудыг дэмжих талаар түлхүү анхаарах бодлого барих нь. 
               
 
Европын холбооны ЭЗХХА Марко Фейри: ЖДҮ-ийн газар, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал
 
               “Би Монголд 2 удаа зочилж үзсэний хувьд дэлхий дахинд үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хоёр зүйл чухал гэж харж байна. Нэгдүгээрт ЖДҮ-ийн газар, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал юм гэж харж байгаа. Хэдийгээр шинэ тутам байгуулагдсан ч гэсэн өргөн хүрээтэй үр нөлөөтэй ажиллах боломж байна гэж харсан. Мэдээж бодлого, стратеги чухал. Жижиг, дунд үйлдвэрийн газарт маш олон боломж бий. Монголд бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр байдаг.  Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн түншлэл чухал. Хариуцсан байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, уялдаа холбоотой, нягт ажиллах ёстой.  Энэ бүхнийг Жижиг, дунд үйлдвэрийн газар нэгтгэж ажиллах нь чухал.
               Мөн өнгөрсөн хугацаанд “Зээлийн батлан даалтын сан, Франц улсын хооронд санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Харамсалтай нь цар тахлаас болоод айлчлалууд цуцлагдчихлаа.  Санамж бичгийн хүрээнд 2021 онд Монголд зочилж  Зээлийн батлан даалтын сан болон холбогдох байгууллагатай байгуулсан энэ суурин дээрээ тулгуурлан хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байна” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//