“Хөдөө Амьдаръя I – Хутаг-Өндөр 2020“ арга хэмжээ 3 өдөр үргэлжилнэ

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

        Хөдөө Амьдаръя ТББ –аас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хутаг-Өндөр сумын Иргэдийн хурал, ЗДТГ, Хутаг-Өндөр сумын Баялаг бүтээгчдийн холбоо, Үхрийн аж ахуй эрхлэгчдийн зохицуулах зөвлөл, Бялхам Үндэс ТББ, бизнес эрхлэгчид болон орон нутгийн иргэдтэй хамтран “Хөдөө Амьдаръя I – Хутаг-Өндөр 2020“ арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь 2020 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд болох бөгөөд шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлогын хэлэлцүүлэг, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх семинар, нийгмийн болон бизнесийн аялал, ажлын байрны үзэсгэлэн, мал аж ахуйн мэргэжил танилцуулах зэрэг олон асуудлаар өдөрлөгийн хүрээнд хэлэлцэх юм.

       Уг арга хэмжээний үеэр ЖДҮ-ийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа "Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримталж буй бодлого болон Кластер хэрхэн байгуулах" зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

           “Хөдөө Амьдаръя” ТББ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хөдөө Амьдаръя санаачилга” болон Хутаг-Өндөр суманд хэрэгжүүлж буй “Үхрийн аж ахуйн кластерыг үүсгэн байгуулах” туршилтын төслийг Жижиг, Дунд Үйлдвэрийн Газар, Булган аймгийн ЗДТГ, МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль зэрэг байгууллага дэмжих, урт хугацаанд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.  

        Арга хэмжээний үр дүнд орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сэдэлжүүлэх, Хутаг-Өндөр сумыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжиж, нийгмийн бүлгүүдийг харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чиглүүлэх, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор нутгийн онцлог бүхий үхрийн кластерийн системийг санал болгож, арга зүйн туслалцаа үзүүлэх, чадавхижуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, шинээр шилжин суурьшсан, шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдэд тулгамдаж буй газар төлөвлөлт, газар өмчлөл, суурьшилт, дэд бүтэц зэрэг асуудлыг нутгийн захиргаатай хамтран шийдвэрлэхэд туслах зорилгоор төр хувийн хэвшлийн хэлцлийг зохион байгуулж, үүссэн санал санаачлагыг дэмжих, шинээр шилжин суурьших иргэдийн үл хөдлөх хөрөнгө болон бизнесийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//