“Байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг дэмжих төсөл”-ийн III дугаар үе шатыг эхлүүлэхэд анхаарч ажиллана

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадруун болон албаны бусад хүмүүс Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүрог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй ажил болоод хамтран ажиллахаар төлөвлөж буй чиглэлийн талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтаар “Жайка”-ийн “Байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг дэмжих төсөл”-ийн III дугаар үе шатыг эхлүүлэхэд нэн түрүүнд тулгарч буй асуудалд арга хэмжээ авах шаардлагатай байгааг  хоёр тал онцоллоо.  “Жайка” олон улсын байгууллагаас 2020 онд ЖДҮГ-тай хамтран орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон албан хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Түүнчлэн гарааны бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Мобиком корпрацитай хамтран 6 сарын хугацаанд хэрэгжих шинэ бизнесийн санаатай “MONJA хөтөлбөр” хэрэгжиж эхлээд байгаа талаар “Жайка”-ийн төлөөлөгчийн газраас дуулгав.  

Мөн энэ үеэр төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор Японы Засгийн газрын тэтгэлэгээр 2021 онд 15 нэр дэвшигчийг мастер болон докторын сургалтын JDS хөтөлбөрт хамруулах боломж байгаа талаар дурдсан юм. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//