Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж, ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Өмнөговь аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдан амжилттай үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцлаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд үйл ажиллагаа явуулдаг “Хасуд бат” компани нь үнэгүйдэж буй арьс ширийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Тэд ямааны боловсруулсан арьсаар хөдөлмөр хамгааллын стандартын шаардлага хангасан, гагнуурын иж бүрэн хувцас хэрэглэл үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлдэг аж. Ингэснээр жил бүр гагнуурын хувцас хэрэглэл авахад гадагшаа урсдаг байсан сая, сая ам.доллар дотооддоо үлдэх болжээ. Өдгөө аймгийнхаа 15 хүнийг байнгын ажлын байраар хангаж буй уг үйлдвэр ажлын байраа өргөтгөх, түүхий эдийнхээ 15 хувийг өөрсдөө боловсруулах зорилгоор жижиг дунд үйлдвэрийг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээл авахаар сонгон шалгаруулалтад оролцож төсөл нь сонгон шалгарчээ.

Говьд ургасан жимс хамгийн сайн чанарынх гэгддэг. Тэгвэл “Их говийн төгөл” ХХК өмнийн говьд чацаргана тариалж, нутгийн брэнд болгосон байна. Аймгийн төвөөс 60 км зайд чацарганын төгөл байгуулжээ. Энэхүү төгөлөө түшиглэн чацарганын өтгөрүүлсэн болон шууд хэрэглэх шүүс, мөн тос, цэвэр ус савлах бүрэн автомат үйлдвэрийг Бүгд найрамдах хятад ард улсаас авчээ. Ингэснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниуд болон бусад төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болсон байна.  Тус компани нь 2008 онд хоёр га талбайд 2500 чацаргана  тарьж, суулгацаар  тариалалт хийсэн нь 2011 онд жимсэлж,  2018 оноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлтэй зээлд хамрагдаж цэвэр ус, чацарганын шүүс үйлдвэрлэдэг хүнсний үйлдвэр байгуулан амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөл юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//