Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж, ахуйн нэгжийнхэн ярьж байна

Нийтэлсэн: 1 сарын өмнө

“Сүүн дэгжих” ХХК-ийн захирал Э.Мөнгөншагай: Үйлдвэрлээ өргөтгөхөөр 90 саяын зээл авлаа

Манай байгууллага Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үхрийн фермийн  үйл ажиллагааны чиглэлээр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд анх удаа хамрагдаж, 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт үйлдвэртээ авч чадлаа. Баяртай байна. 

“Гурван сайхан дизайн” ХХК-ийн захирал Ц.Баяржаргал: Сонгон шалгаруулалт шударга болсон

Манай байгууллага модон эдлэл, гэрийн тавилга үйлдвэрийн чиглэлээр 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газрын хөнгөлөлттэй зээлд анх удаа хамрагдаж 40 сая төгрөгийн зээл авлаа. Манай аав сүүлийн 15 жил  хувиараа бизнес эрхэлж байгаад энэ оноос аж ахуйн нэгж болсон. Аймгаасаа 40 сая төгрөгийн төсөв хүссэн. Энэ төсвөөрөө орон нутагтаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах зорилт тавиад төсөлд оролцлоо. Өнөөдрийн байдлаар  манай компани дөрвөн хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Зургаан сарын хугацаанд, 4 үе шаттай явагддаг сонгон шалгаруулалт шударга болсон гэж бодож байна.

“Нинж ачлал”  ХХК-ийн захирал Р.Тунгалаг: Говийн хүүхдүүдийн өмнөөс Жижиг, дунд үйлдвэрийн салбарын үе үеийн удирдлагуудад баярлалаа гэж хэлье

Манайх эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа хүүхэд нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн байртай болохоор төсөлд оролцсон. Иргэдийн  маань ахуйн амьдрал тэгш биш байгаа учир хүссэн эмч, эмнэлэгтээ нийгмийн даатгалаараа үйлчлүүлэх боломжоор хангах зорилготойгоор төслийн сонгон шалгаруулалтад оролцож, 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа. Энэ төслийг маань дэмжиж өнөөдөр гарын үсэг зурж байгаад үнэхээр баяртай байна. Говийн хүүхдүүдийн өмнөөс Жижиг, дунд үйлдвэрийн салбарын үе үеийн удирдлагуудад баярлалаа гэж хэлье.

Өмнөговь аймагт 11 төсөл, 1,0 тэрбум төгрөгийн зээл авч буй аж ахуйн нэгж:

1.    “Гурван сайхан дизайн” ХХК /Захирал Ц.Баяржаргал / Модон эдлэл гэрийн тавилга үйлдвэрийн чиглэлээр 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэ аж ахуй нэгж Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд анх удаа хамрагдаж 40 сая төгрөгийн зээл,   

2.    “Сүүн дэгжих” ХХК /Өмнөговь аймгийн Даланзадгад сум. Захирал Э.Мөнгөншагай/ Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулдаг. Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд анх удаа хамрагдаж, 90 сая төгрөгийн зээл,   

3.    “Нинж ачлал” ХХК /Өмнөговь Даланзадгад. Захирал Р.Тунгалаг/ Хүүхдийн эмнэлэг 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэ аж ахуйн нэгж шинэ эмнэлэгтэй болохоор төсөлд хамрагдаж 100 сая төгрөгийн зээл,

4.    “Хөвдийн алтан тоорой” ХХК /Өмнөговь Гурвантэс сум/ Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэ аж ахуйн нэгж үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэхээр жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдаж 48 сая төгрөгийн зээл, 

5.    “Бат-Амгалан хөрх” ХХК /Өмнөговь Номгон сум/ Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэжээлийн ургамал тарих, талбайгаа өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр 87 сая төгрөгийн зээл,

6.    “Ноён өнгө” ХХК /Өмнөговь Даланзадгад сум. Захирал Э.Сэржмядаг /Мод, модон эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг энэ аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 100 сая төгрөгийн зээл,

7.    “Айл сайт” ХХК /Даланзадгад Захирал П.Оюунтуяа /  Арьс нэхий эдлэлийн анхан шатны боловсруулалт, арьс, арьсан эдлэл үйлдвэрлэдэг 100 саяын зээл,

8.    “Танан жин” ХХК /Өмнөговь Даланзадгад сум/ 2009 оноос хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл явуулж буй энэ аж ахуй нэгж дайвар бүтээгдэхүүн боловсруулахаар 21 сая төгрөгийн зээл

9.    “Аюуш үйзэн” ХХК /Өмнөговь Даланзадгад сум/ 2019 онд цэвэр ус үйлдвэрлэлээр үйл ажиллагаа эрхэлж буй. Үйлдвэрээ өргөтгөхөөр 99,5 сая төгрөг зээл

10. “Өнөр говь” ХХК 1998 оноос хойш Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Жуулчны баазаа өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр 211 сая төгрөг зээл

11. “Эм Эн Юу” ХХК /Өмнөговь Ханбогд. Захирал Э.Майнбаяр/ 2016 оноос хойш хүнсний ногоо боловсруулах, савлах үйл ажиллагаа эрхэлж байгаа.  Тоног төхөөрөмж шинэчлэхээр 102 сая төгрөгийн зээл тус тус  олгосон байна.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//