Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг орон нутагт олгож эхэллээ

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох ажил Өмнөговь аймгаас эхэллээ. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт  зохион байгуулж, Өмнөговь аймгийн 11 төсөлд 1.0 тэрбум төгрөгийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа тус аймагт энэ сарын 7-8-нд боллоо. Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин орон нутгийн санхүүжилтээс 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн Захиргааны газрын дарга Д.Батзогсох, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Сүх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ЖДҮ-ийн газрын дарга Т.Батжаргал нарын албаны хүмүүс болон зээлд хамрагдаж, гэрээ байгуулж буй 11 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Нээлтийн ажиллагааны үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр Өмнөговь аймаг сүүлийн хоёр жилд маш сайн ажиллаж байгаа. Тийм ч учраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл олгох ажил Өмнөговь аймгаас эхэлж байна. Орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, олон ажлын байр бий болгох энэ салбараа байнга дэмжиж байдаг орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье” гэлээ.

Эдгээр 11 төсөл хэрэгжсэнээр орон нутагт 60 гаруй шинэ ажлын байр бий болж, гурван үйлдвэр шинээр байгуулж, найман үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//