ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газраас батална

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газраас батлахаар заасан байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж 2020 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулах үүрэг чиглэл өглөө.   

 

           “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийн хурлыг  2019 оны 11 дүгээр 14-ний өдөр зохион байгуулж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын банкны холбоо, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагуудаас оролцлоо.

Төрийн бус байгууллагуудын зүгээс 2019 оны хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулсан тул журмын төслийн ерөнхий бүтцийг хадгалан шинээр баталсан хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаа талаар саналаа илэрхийлсэн.

           Шинээр баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлсон байна.

  1. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;
  2. Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;
  3. Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл байхаар хуулиар зохицуулсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ