ЖДҮХСангаас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нартаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусад дэмжлэгийг үзүүлэх бодлогыг барьж ажиллаж байна.

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө

ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 2009-2019 оны хооронд Улсын төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс 688.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 288.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Арилжааны банкаар болон Сангаас шууд зээл олгох замаар 8,214 төсөлд нийтдээ 977.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Арилжааны банк- 7,354 төсөлд 724.5 тэрбум төгрөг буюу нийт олгосон зээлийн 74.2%-ийг, Сангаас шууд 876 төсөлд 252.5 тэрбум төгрөг буюу нийт олгосон зээлийн 25.8% ийг тус тус санхүүжүүлсэн байна.

 

Үүнээс  тус сангаас шууд  олгосон урт хугацаатай,  хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдаж, түүнийгээ тодорхой ажил болгож,  гэрээгээр хүлээсэн үүргээ  сайн биелүүлсэн "Монпактрейд" ХХК , "Талст урлан" ХХК, "Тэргүүний малчин" ХХК, "Блүголд" ХХК, "Ти Эс Ти Косметикс" ХХК, "Тэббэ" ХХК,  "Эсу" ХХК зэрэг нийт 7 аж ахуй нэгжид талархал илэрхийлж "Сайн зээлдэгч” өргөмжлөл гардууллаа.

         ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:  Үйлдвэрлэлээ эрчимжүүлж, ажлын байр нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэхдээ ЖДҮХСангаас авсан урт хугацаатай,  хөнгөлөлттэй зээлээ зориулалтынх нь дагуу, санхүүгийн сахилга баттайгаар зарцуулж үр дүнд хүрч байгаа дээрх аж ахуйн нэгжүүдэд салбарын сайдын хувьд талархал илэрхийлэв.

ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг: Сүүлийн гурван жилийн туршид зээл, зээлийн хүүгээ  төлөх хугацаандаа зөрчил үүсгээгүй, төслийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн Сайдын санаачилгаар Найдвартай зээлдэгчдээ талархал илэрхийлж өргөмжлөл гардууллаа. ХХААХҮЯ, ЖДҮХСангаас Жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусад дэмжлэгийг үзүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид бизнесийн үйл ажиллагааг нь сурталчлах, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт явуулах, олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг үйл ажиллагаанд зөвлөгөө өгч ажиллаж байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сав, баглаа боодлын үйлдвэр  Монпактрейд ХХК

Тус аж ахуйн нэгж нь Сав, баглаа боодол үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улмаар сав баглаа боодлын үйлдвэрлэлд халуун бүтээгдэхүүн савлах шинэ технологийг нэвтрүүлж үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Халуун жүүсний савлагааны зориулалттай зузаан цаасан амсартай сав үйлдвэрлэх” зориулалтаар  зээл авчээ. Төслийг хэрэгжүүлснээр ажлын байр 8-аар нэмэгдэж үйлдвэрлэлтборлуулалтын орлого өмнөх жилүүдийнхээс 8-12% өссөн байна.

УБ хотод үйл ажиллагаа явуулдаг бэлэг дурсгал, гоёл чимэглэл, арьсан эдлэлийн үйлдвэр Талст урлан ХХК

Тус аж ахуйн нэгж нь Бэлэг дурсгал, мөнгөн эдлэл, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 онд  үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан.Төслийг хэрэгжүүлсэнээр ажлын байр 6-аар нэмэгдэж, борлуулалтын орлого нь  2 дахин өсчээ.

Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Талх, нарийн боовны үйлдвэр болох Тэргүүний малчин ХХК

Тус аж ахуйн нэгж нь 2012 оноос Увс аймгийн Улаангом суманд талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад, улмаар үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” төслөөр  зээлийн дэмжлэгт хамрагдсан.

Зээлийн санхүүжилт авснаар ажлын байр 6-аар нэмэгдэж, өдөрт 1200-1300 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Цэвэр усны үйлдвэр болох Блүголд ХХК

Тус компани 2011 онд технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байгаад улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлдвэрээ бүрэн автоматжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Тэрэлж усны үйлдвэрийг өргөтгөх” зориулалтаар  зээл авсан. Үйлдвэрлэлийнхээ гарцыг 2 дахин нэмэгдүүлснээр тус компани нь сард 15000-18000 ширхэг ус үйлдвэрлэн борлуулдаг байсан бол 30000-35000 ширхэг ус үйлдвэрлэх болон ажлын байр нь 25-аар нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын үйлдвэр болох Эсу ХХК

Тус компани нь  2013 оноос хөөсөн полистрол хавтанг үйлдвэрлэж эхэлсэн байна.Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Чулуун өнгөлгөөтэй дулаалгын гадна фасадны үйлдвэр байгуулах” зориулалтаар   зээл авсан.Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ технологи нэвтрүүлэн бараа материалын төрлийг нэмснээр зах зээлд өрсөлдөхүйц чанартай өнгө үзэмжтэй бараа материал шинээр бий болгож сард  300м2 хавтан үйлдвэрлэх болсон байна.

Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Ти Эс Ти Косметикс ХХК

Тус аж ахуйн нэгж нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эмийн ургамлын мод тарих” төслөөр   зээлийн дэмжлэгт хамрагдсан. Зээлийн санхүүжилтэнд хамрагдсанаар тариалангийн газар, дэд бүтцийн асуудлаа шийдэж эмийн ургамал, мод тарин ургуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг Тэббэ ХХК

2013 оноос эхлэн  айраг, хоормог, ус хийдэг том хувин, мал саадаг саалийн хувин, айраг хоормогны сөнгийн хувин, бүрхээр, дээж өргөдөг жижиг хувин гэх мэт бүтээгдэхүүн  үйлдвэрлэхээр туршилт хийж өөрсдийн байгаа нөөц бололцоондоо тулгуурлан сөнгийн хувин, саалийн хувинг  үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд захиалга орж ирсэн үед захиалгаар хийж өгдөг тогтмол бус үйл ажиллагаатай байсан.

Иймд үйл ажиллагаагаа тогтмолжуулж бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилгоор 2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эко модон сав үйлдвэрлэл” төслөөр  зээлийн дэмжлэгт хамрагдсан байна.

Зээлийн дэмжлэгт хамрагдсанаар бүтээгдэхүүний төрлөө олшруулж,  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо  2017 оноос 2-3 дахин өссөн байна. Түүнчлэн борлуулалтаа сайжруулах зорилгоор Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Улаанбаатар хотод борлуулалтын цэг нээжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ