“Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн болно

Нийтэлсэн: 8 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлажтогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон.

 

Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтлахаар тогтсон.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” үзэсгэлэнг 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.

Тус яам Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж 2019 оны 4 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл - 2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн  танхимд зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээллээр хангахаас гадна нэг талаас үндэсний үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг нийтэд ил тод байршуулна. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ