Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр Вьетнамын туршлагыг судлав

Нийтэлсэн: 9 сарын өмнө

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн бодлого, экспортын туршлагыг судлах, жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн бодлого тодорхойлогч төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоох зорилгоор ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан болон холбогдох албаныхан тус улсын Ханой хотод 2018 оны 12 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд ажиллав.

 

Төлөөлөгчид Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яамны Бүс нутгийн үйлдвэр, худалдааны агентлаг, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн холбооныхонтой уулзаж, тус улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийг дэмжих төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, харилцан санал бодлоо солилцсон байна. Мөн Ханой хотын ойролцоох торгон эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Вьетнам улсын нийт аж ахуйн нэгжийн 98 хувь нь буюу 550 000 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч буюу ДНБ-ий 48 хувийг үйлдвэрлэдэг, ажиллах хүчний 51 хувийг бүрдүүлдэг. Богино хугацаанд оновчтой бодлого явуулсны үр дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, машин  үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч орон болжээ. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлж, “Нэг тосгон-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг өрнүүлсэн байна.

Мөн "Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг нэвтрүүлэх" зорилго бүхий хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр 50 000 хүнийг Япон улсын Тоёота групп, БНСУ-ын Самсунгийн үйлдвэрт дадлагажигчаар ажиллуулж, 100 000 хүнийг дэлхийн бусад өндөр хөгжилтэй оронд сургаж байгаа юм.

Ийнхүү Вьетнам Улсын хөгжил нь жижиг, дунд үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, таниулах, хүний нөөцийг чадавхжуулахад чиглэж байгаатай газар дээр нь танилцаж, туршлага солилцох чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ