МОНENG

Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай холбоотой төслүүдийг хэлэлцэхээр боллоо

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 226

Улсын Их Хурлын чуулганы /2017.01.19/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар танилцуулсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалтад заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ хүрээнд тус сангаас 2009-2015 онуудад нийт 703,4 тэрбум төгрөгийн 6977 төслийг санхүүжүүлж, үүний үр дүнд 1327 үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжиж, 596 үйлдвэр аж ахуйн нэгж шинээр байгуулагдан 38072 ажлын байр шинээр нэмэгдэж, 29829 ажлын байр хадгалагдан үлдсэн байна. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоол батлагдсанаар үйлдвэржилтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор 2016 онд олгогдсон 70 тэрбум төгрөгийн үлдэгдэл эх үүсвэрээс 52 төсөлд 23,2 тэрбум, өөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 50 төсөлд 15,9 тэрбум төгрөг, нийт 102 төсөлд 39,2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

Хэдийгээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангаас хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан, сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргахаар заасан боловч зээл хүсэгчээс бүрдүүлэх материал, зээлдэгчийг сонгон шалгаруулах журам зэргийг баталж мөрдүүлэх талаар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тусгайлан эрх олгосон зохицуулалт байдаггүй аж. Иймээс  Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг хуульчлах шаардлагатай болсон бөгөөд хуулийн зохицуулалтгүй байснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн үйл ажиллагаа нь нэгдсэн удирдлагагүй болох, төсөл сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа тодорхой шалгуургүй болох зэргээр хийдэл үүсэхээр байгаа тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н:Оюундарь нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хороонд  бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ