МОНENG

“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөн амжилттай боллоо

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө Үзсэн: 264

ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчид өнгөрсөн цаг үед хэрхэн амжилт бүтээлтэй ажиллаж ард иргэдээ бүрэн хувцаслах, гадаад зах зээлд оёмол бүтээгдэхүүнийг экспортолж байсан цаг үеэ дурсан санахаас илүүтэй, салбарыг сэргээн хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Хэлсэн үгэндээ Оёдлын салбар нь ажлын байрны багтаамж  өндөртэй, үйлдвэрлэлийн анхны хөрөнгө оруулалтын зардал багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангадаг эдийн засгийн өгөөж, нийгмийн хариуцлага өндөртэй салбар гэдгээрээ чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оёдлын салбарыг хэрхэн хөгжүүлэх үү, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах уу, дотоод зах зээлд байгаа маш том боломжийг үйлдвэрлэгчид хэрхэн хамтран эзлэх үү, улмаар гадаад зах зээлд Монгол брэндийг хэрхэн бий болгох чиглэлээр “төр” хувийн хэвшлийг дэмжиж, хууль эрх зүйн таатай орныг бий болгох тал дээр салбар яам анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Зөвлөгөөнөөс Оёдлын салбарыг хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг батлах, үйлдвэрлэл эрхлэгчдэд итгэлийн зээл олгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хоршин ажиллах санаачлагыг дэмжих, нэгдсэн том талбай бүхий нэгдсэн ажлыг байрыг түрээслүүлэх, дотоодын хэрэгцээт ажлын хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлүүлэх, худалдан авалтыг шууд зохион байгуулах зэрэг олон гарцуудыг төр, хувийн хэвшилтэй хамтран хийхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ