ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ШИЛДЭГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар хамтран 22 дэх жилдээ зохион байгуулсан “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчил­гээ, технологи-2019” Олон улсын үзэс­гэлэн “Мишээл” ЭКСПО-д 4 хоног амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Хонконг, Непал болон дотоодын нийт 80 гаруй бичил жижиг, дунд ААН, хувиараа бизнес эрхлэгчид, үүний дотор хөдөө орон нутгаас Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл аймгууд, 5 дүүргийн ЖДҮ нар бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлууллаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь ЖДҮ эрхлэгч нарт шинэчлэгдэн баталсан журам болон бусад мэдээллүүдийг өгч “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛ­ГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” Олон улсын үзэс­гэлэнд амжилттай оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэн­гийн хаалтын ажиллагаанд хэлсэн үгэндээ “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэ­хүүнийг  олон нийтэд таниулах, импортыг орлох өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг тодруулах, энэ бүхнийг бодлогоор болон бусад байдлаар хэрхэн дэмжих вэ  гэдэгт бид онцгойлон анхаарлаа. Дотоодын ком­паниудын бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол маш сайхан болсон байна,  бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар сайжирсан нь үзэсгэлэнгээс харагдлаа. Танхимаас ЖДҮ-дээс гадна бие дааж лангуу авах боломжгүй, том талбай шаардлагагүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй цэг ажиллуулсан нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог байлаа” гэсэн юм.

Үзэсгэлэнд нийт 150 гаруй оролцогчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ оролцсоноос дараах номи­нациудаар шалгаруулж, шилдгүүдийг тодрууллаа.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН - “Дөрвөн өлзий” ХХК-ийн “Аджика” халуун ногоотой хоол амтлагч нэрийн бүтээгдэхүүн

ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН - “Сарана фүүдс” ХХК-ийн зөгийн лаваар хийсэн тосон “Органик харандаа” бүтээгдэхүүн

ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БАГЦ БҮТЭЭГДЭХҮҮН - “Инару биомедикал" ХХК-ийн үндэсний эко брэнд ”Целлюлитийн эсрэг биеийн гуужуулагч“, “Адууны тостой уруулын бальзам” гоо сайхны бэлгийн багцууд

ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН - “Наран косметикс" ХХК-ийн “Мон дент” шүдний оо

ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН - “Заан фүүдс” ХХК-ийн “Саян" брэнд шоколад

ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ - Шог зураач Бат-Эрдэнийн “Би чадна” хүүхдийн зургийн ном

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН - Иргэн Д.Энхтуяагийн “Уран хатгамал” бүтээгдэхүүн, “Даалин болон хавтагны хээ” ном

ОНЦЛОХ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН - “Эко эрдэнэ” ХХК-ийн “Өтгөрүүлсэн шүүс”, “Жимсний чанамал”

ДЭВШИЛТЭД ТЕХНИК ТЕХНОЛОГИ НОУ ХАУ НЭВТРҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН - Барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материал

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН - “Дуут урлан” ХХК-ийн уламжлалт загварыг орчин үеийн хийцтэй хослуулан зэс гуулиар урлаж алт, мөнгөөр бүрсэн шатар

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН - “Хөгжил трейд” ХХК-ийн “Био” байгальд бүрэн задардаг хогны уут

ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОГЧ - Баяннуур хотын Худалдааг дэмжих салбар хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар

ОНЦЛОХ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН - “Global trading development” ХХК-ийн “Star balm” “Nixoderm” 100 хувийн ургамлын найрлагатай эмчилгээний багц бүтээгдэхүүн

ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ - “Шог зураач Бат-Эрдэнийн “Би чадна” хүүхдийн зургийн ном

ҮЗЭСГЭЛЭНГИЙН “ГРАН-ПРИ” ЦОМ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ - Монгол Улсад гал унтраагуур бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа “Эс Жс Некр” ХХК

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ 

Сүүлд нэмэгдсэн мэдээ