“Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд БСШУСЯам, “Монголын Хамтын Оффисуудын Холбоо” ТББ-аас хамтран зохион байгуулагдаж буй “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг өнөөдөр 100 гаруй оролцогчидтой өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Хэлэлцүүлэгийг нээж БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэллээ.

Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацийн оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэл (БСШУСЯ-ны инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл), панел хэлэлцүүлэг (Панелистаар: Д.Одгэрэл, ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг, ТЕГ-ын улсын байцаагч С.Орхон, МҮХАҮТ-ийн дарга Дүүрэн), Багийн ажиллагаа явагдсан бол хоёрдугаар хэсэгт “Инновацийг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг (Панелистаар: НШУҮИГазрын дарга Б.Бат-Эрдэнэ, Стартап Маркетинг Спэйс төвийн захирал Ж.Золзаяа, Старт ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батбаатар), багийн хэлэлцүүлэг явагдлаа. Хэлэлцүүлгээс дараах үр дүнг онцлох байна.

Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирж байна. Тухайлбал инновацийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, инновацийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль, татварын багц хуулиуд нь инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн зүйл заалтуудтай болж байгаа.

Инновацийн эко системийг хөгжин бий болоход оролцдог талуудын төлөөллийг тэнцвэртэйгээр оролцуулж байна. Тухайлбал салбар хариуцсан мэргэжлийн яам, агентлаг, холбогдон ажилладаг газарууд, Их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, инкубатор төв, хамтын оффисууд, гарааны бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлөл гээд жигд оролцоотой байлаа.

Болж бүтэхгүй байгаа зүйлийг ярих биш байгаа боломж, өгөгдөл дээрээ тулгуурлан цааш хөгжих зураглал, шийдлийг хэлэлцэж гаргасан шинэ санал санаачлагуудыг оролцогч талууд хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжийг нээх зэрэг ач холбогдолтой боллоо.

Хэлэлцүүлгээс гарсан санаачлага шийдлүүдийг ажил хэрэг болгох, шийдвэр гаргах хүмүүст хүргэхийн тулд зөвлөмж боловсруулан хүргэхээр боллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ