Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хууль, шийдвэрийн төсөл боловсруулахыг даалгав

Нийтэлсэн: 8 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2019.02.27) болж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын 1-ний дотор танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгалаа.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас олгодог урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх, түүнчлэн санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Ч.Улаан нарт үүрэг болгов. 

Харин Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр татан буулгахаар шийдвэрлэлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх, Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх, Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэгдлээ.

Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байхыг үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд гурван их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж тооцоолж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ