Нийт 3.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1600 гаруй жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ

Нийтэлсэн: 5 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцүүлэг өчигдөр (2018.12.17) боллоо. Уг хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулсан юм.

 

Хэлэлцүүлгийн эхэнд ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан үг хэлж, үргэлжлүүлэн ЖДҮ-ийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тогтсон. Хуулийн дагуу Засгийн газраас тогтоол гарч, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий 29 салбарын 618 төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж байгаа юм.  

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 606 үйлдвэр эрхлэгч 29 нэр төрлийн 1674 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 34 орноос импортолж, 3,8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдсан байна. Үүний үр дүнд одоогийн байдлаар 2017, 2018 онуудад нийт 3579 ажлын байр шинээр бий болж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгджээ.

Гаалийн албан татварын чөлөөлөх тухай хууль хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн, монгол гэр модон эдлэлийн экспорт нэмэгдэж, 2018 оны эхний 10 сарын байдлаар дээр дурдсан бүтээгдэхүүний экспорт 540,3 сая.ам долларт хүрээд байна.

Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь эерэг өөрчлөлт авчирч байгаа тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах хүсэлтээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа санал ирүүлсэн байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордон зохион байгуулсан “Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг саналаа хүргүүлсэн юм.

Дээрх хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн хугацааг сунгах болон гаалийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтын талаар санал асуулга явууллаа.  

"Түмэн шувуут" ХХК-ийн захирал Ж.Болд: Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах талаар асуудал хөндөж байгаа нь цаг үеэ олсон, бидэнд хэрэгтэй хэлэлцүүлэг болж байна. Манайх өмнө нь энэ хуулийн хүрээнд тоног төхөөрөмжөө олон удаа гаалийн албан татвараас хөнгөлүүлж, үр дүнг мэдэрч байсан.

Өөр нэг зүйл бол Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд жижиг, дунд аж ахуйн нэгж гэж тодорхойлохдоо ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогыг харгалзан үздэг нь хүндрэлтэй байдаг. Монгол Улс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхгүй байгаа нөхцөлд бид гаднаас л авч таарна. Тиймээс жижиг, дунд үйлдвэр гэсэн ангиллыг тогтоохдоо энэхүү тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийн талаар давхар бодолцох хэрэгтэй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн жагсаалтад байгаа “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” (БТКУС)-ийн код нь зөрөхөөр гаалийн байцаагч өөрийн өнгө үзэмжээр тайлбарлах хандлага бий. Тиймээс уг кодыг нарийн, оновчтой оруулах нь зүйтэй.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж: Миний хувьд хэд хэдэн саналтай байна. Эхний асуудал бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг аль нэг яамны харьяалалгүй болгож, бие даасан агентлаг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд чиглэсэн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тал дээр түлхүү анхаарч, барилгын салбарт хуванцар боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа энэ үед энэ төрлийн тоног төхөөрөмжийг жагсаалтад хамруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн барилгын туслах матариал болох арматур, дээвэр, шал, сантехник, цахилгааны материалыг үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүдээ дэмжих нь зүйтэй.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ