Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эрх зүйн зохицуулалт, ЖДҮХС-гийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 209

Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Авлигын эсрэг олон улсын өдөр"-ийг угтаж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.12.06) “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав.

 

Уг хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энх-Амар “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

М.ЭНХ-АМАР: 74728 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОСОН 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж, нийгэмд орлогын тэгш хуваарилалт явагдаж, эдийн засгийн тэгш өсөлтийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны хувьд хөрвөх чадвартай аж ахуйн нэгжүүд олширч тэр хэрээр шударга өрсөлдөөн хөгжиж, үндэсний аюулгүй байдал хангагдана гэж үздэг. Монгол Улсад одоогийн байдлаар бүртгэлтэй 78 585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60 330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Улсын хэмжээнд 1 226 942 хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас энэ салбарт 78,3 хувь нь буюу 906 495 хүн ажиллаж байгаа юм.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай, Татварын тухай, Хоршооны тухай, Санхүүгийн түрээс, лизингийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хууль, Аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичиг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг эрх зүйн актууд үйлчилж байна.

Энэ салбарт төрөөс санхүүгийн дэмжлэг болгон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Сум хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байна. Үүнээс одоогийн байдлаар ЖДҮХС-гаар дамжуулан 7536 зээлдэгчид 835,1 тэрбум төгрөг олгосон бөгөөд 5573 зээлдэгч 561 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөд байна. Мөн ЖДҮ-ийг дэмжих төв болон мэргэжлийн холбоодоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, чадавхжуулах олон төрлийн сургалт зохион байгуулж, төрийн байгууллагын худалдан авалтаар дэмжин, жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа зэргээр санхүүгийн бус дэмжлэгийг ч үзүүлсээр ирсэн.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 74728 ажлын байр шинээр бий болгож, 6912 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэн, гадаадын 17 оронд үзэсгэлэн худалдаанд оролцуулж, 38737 иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь өргөжөөд байна.

Цаашид Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хоршооны тухай хууль, Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчилж, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хугацааг сунгах, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зэрэг эрх зүйн шинэтгэл хийнэ.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн арга хэлбэрийг боловсронгуй болгон, ЖДҮХС-гийн үйл ажиллагааг сайжруулах, 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН болон гарааны бизнесийг дэмжих, ЖДҮ эрхлэгчдийг эрсдэлийн даатгалд хамруулах, итгэлийн зээл олгох, кластер, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, нийслэл болон орон нутагт ЖДҮ-ийг дэмжих төвийг байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энх-Амар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-наас гадна Сангийн яам, Үндэсний Аудитын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнууд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС, СЭЗДС, Монголын Хуульчдын холбоо, Монголын банкны холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, АТГ-ын дэргэдэх Иргэний хяналтын зөвлөл, Ил тод байдал сан, www.ikon.mn сайт зэрэг байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал, нээлттэй ил тод, хариуцлагатай байдал, шийдлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Ингээд зарим илтгэгчийн хөндсөн асуудал, дэвшүүлсэн шийдлийн талаар хүргэе. 

Л.БОЛОРМАА: ЗАСАГЛАЛЫН ГАЖУУДАЛ БАЙНА

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа засаглалын гажуудлыг хөндсөн бөгөөд Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан 138 тоот тогтоолоор “ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах түр журам”-ыг баталж, тус сангаас шууд олгох бодлогын зээл олгох болсноор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.

Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай биш Жижиг, дунд аж ахуйн нэгжийн тухай гэж шинэчилсэн найруулгын төслийн нэрийг өөрчлөх, олон улсын жишгийн дагуу 1:5:10 буюу бичил аж ахуйн нэгжээс жижиг ААН нь 5 дахин, дунд ААН нь жижиг ААН-аас 5 дахин орлого болон ажилчдын тооны хувьд илүү байх гэсэн харьцааг хангах, старт-ап гэсэн ангиллыг нэмж тусгах зэрэг саналуудыг дэвшүүллээ. Мөн зээлийг олгохдоо үр дүнд суурилсан хязгаарлалт тогтоож, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид олгох зээлийг Сангаас шууд, дунд үйлдвэр эрхлэгчдэд банкаар дамжуулан зээл олгож байх нь оновчтой гэв.

Б.БАТДЭЛГЭР: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ

Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр ЖДҮХС-г Иргэний тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу удирдах зөвлөлтэй болгож, тус зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд 4 гишүүнийг төрийн байгууллагын албан тушаалтан, 5 гишүүн нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, төрийн бус байгууллага байхаар эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй.

Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр хууль ёсны гэдгийг баталгаажуулж, мэдээллийн ил тод, найдвартай байдлыг ханган, зээлийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгож, зээл олгох аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тодорхойлон, зээлийг банкаар дамжуулан олгох тал дээр анхаарах зэрэг саналыг гаргалаа. Тус холбоо хариуцлага ихтэй ажил, хариуцлага сайтай байх, хариуцлагыг дээшлүүлэх зэргээр "хариуцлага" гэдэг үгийг брэнд болгож, хариуцлагатай байхыг уриалсан юм.

Ж.ЭРХЭМБААТАР: ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХАМГИЙН ЧУХАЛ

Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Ж.Эрхэмбаатарын хувьд илтгэлийнхээ эхэнд ЖДҮ-ийн санхүүжилт байгаа онохгүй байгааг онцолсон. Түүний үзэж байгаагаар хамгийн чухал нь зээлийн эргэн төлөлт бөгөөд олон улсын төсөл, хөтөлбөр, бонд, зээлийн авлага барагдуулах чиглэлээр ажиллаж байсан хэд хэдэн жишээгээ дурдлаа. Ингэж ажиллах явцад нийтийн мөнгөнд ариг гамгүй хандсан, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, татан буугдсан, нотлох баримтгүй эсвэл нотлох баримт хангалтгүй, устгагдсан, өөрчлөгдсөн, зээл олголт олон байгууллагаар дамжсан, мэдээлэл дутмаг, бүртгэл дутуу зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрч байжээ. Иймээс ЖДҮХС-гаас олгож буй зээлийн эргэн төлөлтөд хяналт, шалгалт явуулж, жинхэнэ эзэддээ хүрэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

М.ЭНХМЭНД: САНГИЙН ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛНА

УИХ-ын гишүүний зөвлөх М.Энхмэнд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж буй гол зохицуулалтын талаар дурдсан. ЖДҮ гэсэн ангилалд иргэн гэж байсныг хасаж, бичил гэж нэмж өгсөн гэв. Тус хуулийн төсөлд ЖДҮХС-гийн тухай 20 заалт туссан бөгөөд Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, баталгаа, батлан даалт гаргах, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална, одоогийн бүтэц, орон тоонд суурилсан ЗГ-ын бие даасан агентлагтай зэрэг зохицуулалт тусгаж өгчээ.

Мөн сангаас бичил үйлдвэр эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамруулан 250 сая хүртэл, жижиг үйлдвэр эрхлэгчид 500 сая, дунд үйлдвэр эрхлэгчид 2,5 тэрбум төгрөгийн зээлийг олгоно гэж тодорхойлсон байна. Түүнчлэн сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй, зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй, нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, түүхий эд, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тус сангаас хөнгөлөлттэй зээл олгохгүй гэж заажээ.

Б.ЭРДЭНЭДАЛАЙ: ТУСГАЙ ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГЫН ЭРСДЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

СЭЗИС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай улс төрийн намын санхүүжилт тодорхойгүй байдал, өндөр түвшний авлига зэрэг нь авлигын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож байна. Тиймээс ЖДҮХС-гийн ил үйл ажиллагааг ил тод болгох, тэр дундаа засаг захиргааны шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй болгож, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх нь зүйтэй. Төрийн албаны мерит тогтолцоог хэвшүүлж, иргэд, төрийн бус байгууллагаас тавих хяналтыг нэмэгдүүлэн, авлигын эсрэг иргэдийг соён гэгээрүүлэх, улс төрийн боловсролыг дээшүүлж, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгон, буруутай этгээдэд хатуу хариуцлага оногдуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байна.

Б.ОТГОНТӨГС: САНГИЙН ЗЭЭЛ БОЛ ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ САНХҮҮЖИЛТИЙН ЦОРЫН ГАНЦ ОНОВЧТОЙ ХЭЛБЭР БИШ

МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс нь ЖДҮ-ийг хөгжүүлэх газрын ганц арга нь зээл биш. Макро эдийн засгийн орчин тогтвортой, валютын ханшийн эрсдэлгүй, хэлцлийн зардал бага, бичил бизнес эрхлэгчдийг жижигтэй, жижгийг дундтай, дунд аж ахуйн нэгжийг том бизнес эрхлэгчтэй гэх зэргээр зах зээлүүдийг хооронд нь холбож өгөх, менежмент, бизнес эрхлэх соёл, ёс зүйд сургах, төрийн үйлчилгээг чанартай хүргэх, техник технологийг шинэчлэх, их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай холбох, маш тогтвортой, чадварлаг хүний нөөцөөр хангах зэрэг зээлээс илүү дэмжлэг болно гэдэг шинэлэг асуудлыг дэвшүүллээ.

Зөвхөн хөнгөлөлттэй зээл гэлтгүй ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн шинэ механизмуудыг эрэлхийлэх нь зүйтэй бөгөөд венчур, анхны хөрөнгө, IPO зэрэг өөрийн хөрөнгийн санхүүжилт, зардлыг хуваалцах татаасын хэлбэр буюу matching grants, incentive contracting буюу хөшүүргийн гэрээ хийх, crowdfunding буюу эрх зүйн зохицуулалтаар хангах, орон нутгийн хөгжлийг урагшуулах хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах зэрэг арга байж болохыг хэлэв. 

Түүний дэвшүүлсэн өөр нэг санаа бол ЖДҮ-ийн салбар Монгол Улсын нийт ажиллах хүчний талаас илүү хувь ажиллаж, нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувийг бүрдүүлж байдаг том салбар. Тус салбарыг хөгжүүлснээр өрхийн орлого өсөж, орон нутгийн хөгжилд эерэгээр нөлөөлж, технологи, инновацийн нэвтрүүлэлт сайжирч, хамгийн чухал нь шинээр ажлын байр нэмэгддэг ач холбогдолтой, нэг үгээр хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлтөд хамгийн ихээр хамрагддаг монополь салбар. Гэхдээ том үйлдвэрүүдээ дэмжихээ мартаж болохгүй. Учир том үйлдвэрүүд л улс орны бүтээмжийг сайжруулж, илүү олон тогтвортой ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлж ирсэн олон улсын жишээ бий гэлээ. 

Ч.БОЛОРТУЯА: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ ХАРЬЦАНГУЙ ИЛ ТОД БОЛСОН

Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяагийн дэвшүүлсэн санаа бол мэдээллийг хайж олох, хайж олсон мэдээлэлдээ боловсруулалт хийх, түүнд үндэслэн дүгнэлт гаргаж, нийгэмд өөрийн дуу хоолойг илэрхийлэх тухай байв. Нэг үеэ бодвол төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй болж, хувь хүн, аж ахуйн нэгжээс бага зэргийн хүчин чармайлт, хүсэл эрмэлзлэл байгаа тохиолдолд анхдагч мэдээлэл, нээлттэй өгөгдлийг хуулж аван, хадгалах, шаардлагатайтохиолдолд боловсруулалт хийж, өөрийн бизнес, үйл ажиллагаандаа зөв, ашигтайгаар ашиглах нь зүйтэй гэв.

С.ОНОН: ГЕРМАНЫ ЖИШЭЭ БОЛ САЙН ТУРШЛАГА

Ахмад дипломатч С.Ононгийн хувьд ЖДҮ-ийг хөгжүүлсэн олон улсын туршлага сэдэвт илтгэлдээ Германы жишээг дурдлаа. Тус улсад бүх сувьектуудын бие даасан байдлыг хангаж, эрүүл, шударга өрсөлдөөнийг зах зээлд бий болгож чадсан, чадавхгүй аж ахуй нэгжийг бизнесийн тавцангаас шигшдэг байна. Бизнес эрхлэгчидтэй холбоотой эрх зүйн актуудыг гаргахдаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай зөвшилцдөг, уг танхимын үйл ажиллагааг нэгтгэн зангиддаг Ассоциацитай байна.

Тус улсад ЖДҮ-ийг дэмжих чиглэлийн 500 орчим хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд дасан зохицох, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь зориулж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Германд 20 жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээлийг төрөлжсөн банкуудаар дамжуулан компаниудад олгодог бөгөөд эхний хоёр жилд хүүгүй, эхний 10 жилдээ эргэн төлөлт хийдэггүй байхаар урамшуулан дэмждэг гэв.

Ийнхүү ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцуулалтыг цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод болгох талаар тодорхой шийдэл гаргахад уг хэлэлцүүлэг бүхэлдээ чиглэж байв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад Зөвлөмж болгон хүргүүлэх бөгөөд түүний хэрэгжилтэд АТГ-аас бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, хяналт тавьж ажиллана гэж зохион байгуулагчид мэдээллээ. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ