“Жижиг, дунд үйлдвэр бизнес эрхлэгч нь бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж болно”

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 75

Хамтдаа бизнесээ дараагийн шатанд гаргацгаая уриатай "Consult expo 2018" Үндэсний зөвлөхүүдийн чуулган өнгөрөгч Баасан гарагт (2018.11.30) Блю Скай зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. Тус чуулганд ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцож, бизнесийн зөвлөх үйлчилгээний ач холбогдол, төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулж, зарим тоон мэдээллийг дурдсан.

 

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан

Улсын хэмжээнд бүртгэлтэй 155 065 аж ахуйн нэгжээс 78 585 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 77 хувь буюу 60 330 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа юм. Энэ нь нийт ажиллах хүчний 47,6 хувь буюу 602 905 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна гэсэн үг.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид юун түрүүнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг, туслалцаа эрж хайхаасаа урьдаж, өөрийн бизнес нь эрэлттэй, амжилт олох эсэхийг танин мэдэх нь зүйтэй гэдгийг зах зээлийн өнөөгийн байдал, бизнесийн өрсөлдөөн өнөөдөр бэлхнээ харуулж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллахад зөвлөх үйлчилгээ маш чухал гэдгийг төр, засгийн түвшинд ч тэр, бизнес эрхлэгчдийн хувьд ч ойлгох болжээ. 

Монгол Улсад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад чанаржиж байна гэж харж байна. Зөвлөх үйлчилгээний гол зорилго нь мэдлэг, мэдээлэл дутмаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг мэдээлэлжүүлэх, тэдний алдаа, дутагдлыг цаг тухайд нь олж харж, мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ бөгөөд бизнес эрхлэгчдийн ур чадвар, бүтээмж дээшилж, үйлдвэрлэл хөгжинө.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зөвлөх үйлчилгээ хүч түрж байна. Манай улсад зөвлөх үйлчилгээг хуулийн  этгээд, хувь хүн ч гүйцэтгэж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний салбар хөгжсөнөөр нэмүү өртөг шингэсэн мэдлэгийн эдийн засаг хөгжих боломжтой гэж үздэг. Тиймээс "Бизнесийн зөвлөх үйлчилгээ" гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлнэ, энэ төрлийн үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлж болно" гэж заажээ.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ