ТУРК УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭ ТОХИРЧ, ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА АВАХААР БОЛЛОО

Нийтэлсэн: 7 өдрийн өмнө Үзсэн: 199

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төлөөлөгчид Бүгд найрамдах Турк Улсад 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.

Тус улсын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага, манай улсын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хооронд хамтран ажиллах санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд үзэглэсэн байдаг. Тэгвэл томилолтын хугацаанд уг санамж бичгийн мөрөөр хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулах, хоёр орны жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах талаар туршлага солилцох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хурал, үзэсгэлэн тогтмол зохион байгуулж байх зэргээр хамтын ажиллагааны чиглэлүүдээ тохиролцсон байна.

Туркийн талаас Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Кевахир Узкурт Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсандаа баяртай байгаагаа хэлээд, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд оролцсон. Элчин сайд Р.Болд: "Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 орчим жилийн хугацаанд улс төр, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж ирлээ. Цаашид жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр харилцаагаа зузаатгаж байгаад гүнээ талархаж байна" гэв.

Турк Улсад томилолтоор ажиллах хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл, төслийн хэлтсийн дарга Ж.Баасандорж сангийнхаа бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Жижиг, дунд үйлдвэр нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухалд тооцогдох стратегийн ач холбогдолтой салбар бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн хурдацтай хөгжлийг даган ямагт шинэчлэгдэн, өөрчлөгдөж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засгийн төрөлжилт бий болж, ажлын байр шинээр нэмэгдүүлэх, улсынхаа төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг олон эерэг өөрчлөлт гарч болохыг танилцуулгадаа дурдсан юм.

Туркийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зүгээс "Бизнесийг дэмжих хөтөлбөр", "Санхүүжилтийн загвар", "Эрсдэлийн менежмент", "Инноваци" зэрэг чиглэлээр танилцуулга хийсэн. Монголын төлөөлөгчид Турк Улсад ажиллах үеэрээ тус улсын Зээлийн батлан ​​даалтын сангийн үйл ажиллагаатай танилцаж, зах зээлийн онцлог, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сувгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.  

Ийнхүү талууд хамтран ажиллах төлөвлөгөөгөө тохирсон, жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварийг нэмэгдүүлэх чиглэлээр техникиийн туслалцаа үзүүлэх, харилцан туршлага солилцохоор болсон маш үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт, яриа хэлэлцээр боллоо гэдэг дээр санал нэгдэж, энэхүү хамтын ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулахад хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ