Салбарын судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Үндэсний чуулганы зорилго чиглэж байна

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө Үзсэн: 113

Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн суурь асуудлын нэг юм. УИХ-ын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-д салбарын судалгаа, хөгжлийн талаар тодорхой зорилтууд тусгасан байдаг. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний чухал асуудал. Мөн салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оролцогч талуудын уялдааг сайжруулах хэрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр нээлттэй лабораторид суурилсан био, нано технологийг хөгжүүлж, оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан ногоон үйлдвэрлэл, бизнес, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн технологийн инкубатор, загвар аж ахуй байгуулах, салбарын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны материаллаг орчныг бүрдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулах, эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр бүтээлийг дэмжих тухай асуудал салбарын бодлогод тусгалаа олжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолоор гарааны компани байгуулах журам батлагдсан нь шинэлэг эрх зүйн зохицуулалт болсон бөгөөд үүний үр дүнд шинээр бизнес эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдээ гарааны компани байгуулж байна.

Энэ ч үүднээс Засгийн газрын тогтоол, салбарын бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Корпорэйт Конвеншн төвийн хурлын танхимд зохион байгуулна.

Үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле нээж үг хэлэх төдийгүй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын зорилт гэсэн хоёр сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлнэ.

Салбар хуралдаанаар мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөгжлийг эрчимжүүлэх гарц, шийдэл, эдгээр салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн ололтын талаар эрдэмтэн, судлаачид илтгэлээ тавих юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы үеэр салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн, тус үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах арга хэмжээ болно.      

Энэхүү үндэсний чуулганыг зохион байгуулснаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, мэдлэгийг баялаг болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, чуулганаас гарах зөвлөмжид үндэслэн цаашдын бодлого, зорилтыг тодорхойлох, салбарын судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон боломж бий болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ