Олон улсад зах зээлээ тэлэх боломжтой талаар бизнес эрхлэгчдийн дунд сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 446

Бараа, бүтээгдэхүүнээ гадаад улс оронд экспортлох, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтнуудад зориулсан онол, практик хосолсон сургалт өнөөдөр (2018.10.02) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

 

Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, "Экспорт олон улсын худалдааны төв" ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд тус сангийн дэд захирал А.Амаржаргал сангийнхаа үйл ажиллагааны чиглэл, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.  

2015 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрийн экспортын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах гарц, боломж бололцоог судлан Япон, АНУ, Канад улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг 4 дэх жилдээ "Экспорт олон улсын худалдааны төв" ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулж ирсэн. Сүүлд 2018 оны зургадугаар сарын 24-30-ны өдрүүдэд "Монгол-Японы бизнес форум"-ыг Япон Улсын Токио хотноо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Гадаад харилцааны яам, Япон улсад суугаа элчин сайдын яам, Экспорт Олон улсын худалдааны төв хамтран амжилттай зохион байгуулж, Монгол Улсаас 15 аж ахуйн нэгж оролцуулж, олон улсад гарах гарцыг нээж өгсөн байна.

Сургалт, судалгаа, зөвлөх болон ложистикийн үйл ажиллагаа явуулдаг "Экспорт олон улсын худалдааны төв" ТББ-ын зөвлөх багш нар өнөөдрийн сургалтаар олон улсын зах зээлийн онцлог, гадаад зах зээлд амжилттай нэвтрэх, гадаад компанитай хамтарч ажиллахад юуг анхаарах, тээвэр ложистикийг хэрхэн үр дүнтэй хийх, гадаад зах зээлийн онцлогт тохируулан маркетинг хийх зэрэг агуулгын хүрээнд оролцогчдод мэдээлэл өглөө. Бизнес эрхлэгчдийн хувьд олон улсад зах зээлээ тэлэхийн тулд юун түрүүнд маш сайн судалгаатай байх ёстой бөгөөд үүнд тулгуурлан стратегиа боловсруулж, тухайн улсын эдийн засаг, зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, онцлогийг мэдэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм. 

Сургалтын эхэнд, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн үндэслэл, гол зохицуулалт, ач холбогдол, хуулийг дагалдан гарах өөрчлөлтийн талаар танилцууллаа

Сургалтад оролцогчид

Сүүлд нэмэгдсэн мэдээ