Жижиг, дунд үйлдвэрийг хөл дээр нь босгох, чадавхжуулахад төрийн бодлого чиглэж байна

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 413

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт” Чингис зочид буудлын хурлын танхимд өнөөдөр (2018.05.29) боллоо. Уулзалтад Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг төлөөлсөн 70 гаруй хүн оролцсон. Тухайлбал, АНУ, ОХУ, Франц, Турк, БНСУ-ын Элчин сайдын яамдын төлөөлөл ирж, байр сууриа илэрхийллээ.

        Мөн Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-ны Монгол дахь суурин төлөөлөгчид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсан. Түүнчлэн Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /TIKA/ зэрэг 10 гаруй олон улсын байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. ХХААХҮЯ-наас зохион байгуулсан уг уулзалтад Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар гэсэн төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Монголын хоршоодын нэгдсэн холбоо оролцож, тодорхой асуудал дэвшүүлсэн.

Уулзалтыг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: “Өнөөдрийн түншлэлийн уулзалт чухал ач холбогдолтой. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уулзалтаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлогоо танилцуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлно” гэлээ. Тэрбээр, гадаадын төсөл, хөтөлбөрүүд нь шинэ мэдлэг бүтээдэг, техник технологи, инновацид суурилсан, нэмүү өртөг шингээх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байдаг учраас нэн өгөөжтэй. Тиймээс ч олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг өөрийн орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглүүлэх, тэдэнтэй нягт хамтарч ажиллах нь том үйлдвэрлэгч болох үүд хаалгыг нээнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  

        2017 оны байдлаар бизнес регистрийн санд 155 065 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 78 585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 77% буюу 60 330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Статистикийн үзүүлэлтээс харахад нийт ажиллах хүчний 57%-ийг (719172 хүн) ЖДҮ-ийнхэн эзэлдэг. ДНБ-ий 18 орчим хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад олон хүнийг ажлын байраар хангадгийн хувьд нийгэмд ихээхэн нөлөө үзүүлж байдаг.

Энэ удаагийн уулзалт нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэж байх үеэр болж байгаагаараа онцлог. Энэ ч үүднээс ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах болсон үндэслэл, гол зохицуулалт, нийгэм, эдийн засагт гарах үр нөлөө, цаашид ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлогын талаар танилцуулсан. Хуулийн төсөлд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилал, үйлдвэрлэгчдийн эрх үүргийг тодорхой болгох, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын механизмыг тусгаж өгсөн байна. Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрүүд хөл дээр нь босгож, чадавхжин, ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Уулзалтад оролцогчдын зүгээс өөрийн орны жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, туршлагын талаар хуваалцаж, хуулийн төсөлд саналаа хэллээ. Цаашид төрөөс жижиг, дунд бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хоршоодын бүтцэд тулгуурлан түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, кластераар хөгжүүлэх, эх оронч худалдан авалтыг дэмжих, бизнес инкубатор төвүүд, гарааны бизнесүүдийг тэтгэх бодлого барьж байна.

        Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хийсэн “Монголын ЖДҮ-ийн ажиглалт” судалгааны үр дүнг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа танилцуулсан. Уг судалгааны үр дүнд факторинг ба дискаунтинг буюу төлбөрийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, НӨАТ-ын тааламжтай систем бүрдүүлэх, ЖДҮ-д ба том бизнесийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон чухал зөвлөмжийг хүргүүлжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ