МОНENG

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 2554

                 Хүнс,  хөдөө  аж  ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайдын 2017 оны

06  дугаар сарын 14-ны өдрийн

А-76 тоот тушаалын 1 хавсралт

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ

ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

                                                            Нэг. Нийтлэг үндэслэл                           

 

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/-ийн төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Зээл авахаар Жижиг дунд үйлдвэр эрхлэгч /цаашид ЖДҮЭ гэх/-ээс ирүүлсэн төсөл /цаашид Төсөл гэх/-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах хороо” /цаашид “Хороо” гэх/, аймаг, дүүрэгт хүлээж авсан төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо /цаашид “Дэд хороо” гэх/ тус тус ажиллана.

1.3.Зээлийг арилжааны банкаар эсвэл сангаас олгоно.

1.4.Хорооны хурлаар нэг зээлдэгчид 2,000,000,000 (хоёр тэрбум) хүртэлх, Дэд хорооны хурлаар нэг зээлдэгчид 200,000,000 (хоёр зуун сая) хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээл хүссэн төслийг хэлэлцэнэ.

               Хоёр. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцөл 

2.1.Зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2.Зээлийн эх үүсвэрийг Төрийн сан дахь Сангийн дансанд төвлөрүүлнэ.

           2.3.Зээлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр олгоно.

           2.4.Зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл /цаашид өнгХХЕрөнхий нөхцөл гэх/-ийг тухайн асуудал хариуцсан яамны бүтцийн нэгж боловсруулж, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5.Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг ЖДҮЭ өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ.

2.6. Дараахь зээл хүссэн ЖДҮЭ хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй. Үүнд:

2.6.1.санд төлөх муу зээлийн үлдэгдэлтэй;

2.6.2.сангаас авсан Зээлийг төлж дууссан боловч зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;

2.6.3.зээлийн мэдээллийн сангийн мэдээллээр муу зээлийн түүхтэй;

2.6.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн;

2.6.5.нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй;

2.6.6.барилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй;

2.6.7.байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.  

                2.7.Сан нь ЖДҮЭ-дэд зээл олгох, зээлийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

Гурав. Төсөл шалгаруулах хороо,

           дэд хорооны чиг үүрэг

3.1.Хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн долоон хүний, Дэд хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн таван хүний тус тус бүрэлдэхүүнтэй байна.

3.2.Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална.

3.3.Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд салбарын төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна.

3.4.Хороо хуралдааны зарчмаар шийдвэрээ гаргах ба хороо, дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь Төсөл сонгон шалгаруулах хуралд саналын тус бүр нэг эрхтэйгээр оролцоно.

3.5.Хороо, дэд хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба тэмдэглэл хөтөлж, олонхын саналаар шийдвэр гаргана.

3.6.Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд, хурлын шийдвэрт хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.7.Хороо, дэд хороо нь дараахь эрхтэй байна:

3.7.1.төсөл хүлээн авах эцсийн хугацаа, байршил, хаяг, холбоо барих утасны дугаар, гэх мэт зүйлсийг тусгасан зар мэдээллийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх хугацааг тогтоох;

3.7.2.зээл хүссэн төслийг сонгон шалгаруулах хурлын товыг батлах;                      

3.7.3.төслийг хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх.

3.8.Хороо, дэд хороо нь дараахь үүрэгтэй байна:

3.8.1.хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах;

3.8.2.хороо, дэд хорооны гишүүд хурлын шийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад мэдээлэхгүй нууцлах, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохоос сэргийлэх;

3.8.3.хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх.

 

Дөрөв . Төсөлд тавигдах шаардлага

4.1.Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

          4.2.Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

                        4.2.1.төслийн товч агуулга;

                        4.2.2.иргэн, хуулийн этгээдийн нэр;

                       4.2.3.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил;

                        4.2.4.нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн оруулах  хөрөнгийн хэмжээ;

                         4.2.5.үйлчилгээ, үйлдвэрлэл болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл;

                        4.2.6.жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь;

                        4.2.7.одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

         4.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ үйл ажиллагааны талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

                        4.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн ажиллагаа;

                        4.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт;

                        4.3.3.түүхий эдийн нөөц;

                        4.3.4.үйлдвэрлэлийн хүчин чадал.

4.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын талаарх мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

                        4.4.1.удирдлагын бүтэц, орон тоо;

                        4.4.2.ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;

                        4.4.3.шинээр бий болгох ажлын байрны тоо.

         4.5.Зах зээлийн судалгаанд дараахь мэдээллийг тусгана:

                        4.5.1.зах зээлийн төлөв байдал /SWOT шинжилгээ/;

                        4.5.2.хэрэглэгчдийн тодорхойлолт.

         4.6. Эдийн засгийн тооцоонд дараахь мэдээллийг тусгана:

                        4.6.1.үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

                       4.6.2.борлуулалтын орлогын тооцоо;

                        4.6.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

                       4.6.4.бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

                        4.6.5.төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө;

                        4.6.6.үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

                        4.6.7.төслийн өгөөж, өртгийн тооцоо;

                        4.6.8.төслийн эрсдлийн удирдлагын тооцоо, даатгалд хамрагдах тооцоо;

                        4.6.9.байгаль орчинд ээлтэй болон хор хөнөөлгүй, үйлдвэрлэл явуулах тооцоо.

4.7.Дүгнэлтэд энэ журмын 4.4-4.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

4.8.Төсөлд дараахь материалыг хавсаргана:

           4.8.1.иргэний баримт бичгийн хуулбар, сум, хорооны тодорхойлолт;

          4.8.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

           4.8.3.тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг;

           4.8.4.зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

          4.8.5.барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад шаардагдах бичиг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

           4.8.6.үйлдвэрлэх болон худалдах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, зураг;

           4.8.7.зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт/;

           4.8.8.сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан;

           4.8.9.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ, тодорхойлолт;

           4.8.10.нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолт;

           4.8.11.зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл;

           4.8.12.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өртэй эсэх тодорхойлолт;

          4.8.13.харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолт.

        

Тав. Сонгон шалгаруулалт зарлах,

 төсөл хүлээн авах, ил тод байдал

5.1.Төсөл хүлээн авах зар мэдээллийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн  хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг Сан, аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн тус тус хариуцна.

5.2.Дэд хороо иргэнээс ирүүлсэн төслийг тухайн иргэний үндсэн харъяаллын дагуу, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг тухайн төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн хаягийн дагуу хүлээн авна.

5.3.Сан, эсхүл аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Зээл хүсэгчээс ирүүлсэн төслийг хүлээн авч төслийн бүрдэлийг нягтлан, тооцоо, дүгнэлтийг шалгаж, судалгаа хийж, шаардлага хангасан төслийг хороо болон дэд хорооны хуралд танилцуулна.

5.4.Хороо болон дэд хорооны хурлаар хэлэлцүүлэх төслийг судалж байгаа мэргэжилтэн зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн болон муу зээлтэй, эсэх талаарх мэдээллийг Сангаар дамжуулан Монгол банк дахь зээлийн мэдээллийн сангаас авч төсөлд хавсаргана.

5.5.Сан, эсхүл аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Төслийг судлах явцдаа уг төслийн талаарх мэдээлэл, судалгааны явцыг задруулахыг хориглоно.

5.6.Сан, эсхүл аймаг, дүүргийн тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн зээл хүсэгчид аливаа байдлаар давуу байдал бий болгохоос сэргийлнэ.

5.7.Сан, аймаг, дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн шалгараагүй болон шаардлага хангаагүй төслийг хороо, дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 7-15 хоногт багтаан төсөл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хариу өгнө.

5.8.Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг Шилэн дансны хуулийн 3.2.3-д заасан дагуу нийтэд ил тод мэдээлнэ.

5.9.Сан нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

 

Зургаа. Төсөл  шалгаруулах

6.1.Хороо болон дэд хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн, ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.

6.2.Зээлийг сангаас олгох тохиолдолд хороо болон дэд хорооны шийдвэрийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулан санхүүжүүлнэ.

6.3.Зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох тохиолдолд хороо болон дэд хорооны шийдвэрийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулан холбогдох банкинд хүргүүлнэ.

6.4.Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг 45 хоногт багтаан судалж, зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулан Санд хүргүүлнэ.

6.5.Сан нь банкнаас ирүүлсэн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн тухайн банкинд санхүүжилт хийнэ.

6.6.Банк энэ журмын 6.4-т заасан хугацаанд зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд хороо, дэд хорооны шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

6.7.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл, болзлын дагуу зээлийн санхүүжилтийг нөхөн олгож болно.

 

 

-оОо--оОо-

 

 

 

*Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ