МОНENG

Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн танилцуулга

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 1278

     Монгол улс, АНУ-ын Засгийн газрын хооронд 1992-1993 онуудад байгуулсан “АНУ-аас Монгол улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зарцуулахаар 1993 онд Худалдаа үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-нд жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

     2000 онд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үйлдвэр, худалдааны яам байгуулагдсанаар Үйлдвэр, худалдааны сайдын 2000 оны А/23 тоот тушаал гарч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулснаар өнөөдрийн ЖДҮХСангийн эхлэл тавигдсан гэж үздэг. 

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч  өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД:

     Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино. Үүнд:

  1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;
  2. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах;
  3. Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах;

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ